Улс орны талаарх бодол, мөрөөдөл

2021-03-03,17:10
2015 онд ингэж бичиж байж. Даанч олигтой дээрдээгүй байх...

Яаж ч бодсон толгойгүй мэт, 50-100 жилийн дараа яахыгаа огт бодолгүй, ямар байгальд, ямар ус ууж, ямар хүнс хэрэглэхийгээ бодолгүйгээр улс орон явна, тэгээд бүр хөгжинө гэж мэдээж байхгүй болов уу. Манайх одоо тийм замаар яваад байна. Цөмийн хаягдлыг хүртэл гадаадаас авах, нүүрснээс ашиггүй гээд байхад АЦС барина гэх, түүнийхээ хаягдлыг хаана аа ямар байгууламж барьж хаях нь тодорхойгүй ч хийх гээд яриад байдаг. Хамар дорхоо харахаас цаашаа харахгүй байна...

Төр удирдах, төр хүчтэй байх гэж ярьчихаад хувийн өмч, хувийн компанийнхаа доор яваад байдгийг би хувьдаа ойлгодоггүй. Америкийн эсвэл нэг ухаантай хүнийх нь либерал энэ тэр гэж нэрлэсэн (уучлаарай утгыг нь бас бүрэн мэдэхгүй байж магадгүй) мундаг онолоор баян хүмүүсийн өмч хөрөнгө, эх сурвалж нь тодорхойгүй, эсвэл ямар нэгэн шударга бус байдлаар олсон хөрөнгийг хамгаалдаг, улам нэмдэг, бусдаас нь шимж өгдөг хэрэгсэл нь төр болсон. Татварын бодлого, хуулиуд нь тэгж үйлчилдэг барууны эрх чөлөө, "хувь", "ганц нэгээр" бодлогоор Ардчилал хэмээн нэрлээд, хүсээд, зүтгээд байдаг. Социализм байгуулна гэж яриад баахан хамт зүтгэж байгаад эцэст нь хэдхэн нөхөр хувьчлал нэрээр хувааж аваад явсан нь шударга ёс, эрх чөлөө, хувийн өмч гэж яриад, газраа хүртэл бүгдээрээ сайхан хувааж авч байгаад зарж үрвэл хөгжинө, энэ бол хөгжил гэсэн эдийн засаг гэдэг зүйлийн мундгийг би хувьдаа олж харахгүй юм.

Бас боловсрол, эрүүл мэндийн салбарт их хөрөнгө оруулбал хөгжинө гэх юм? Баахан байгаль хордуулчихвал хичнээн сайхан эмнэлэг, эмч эм тариа байгаад, эрүүл мэндийн салбар мундаг хөгжөөд хүмүүсийг аварч чадах уу? Хичнээн мундаг сайхан мэдлэгтэй, дээд боловсролтой хүмүүс байгаад эрүүл мэндгүй бол яах ч юм?
Ердөөсөө л хамгийн орчин үеийн, хор хөнөөл багатай бодит юм үйлдвэрлэдэг, ялангуяа хөдөө аж ахуй дээрээ тулгуурлан, мөн ядаж дотоодын хэрэгцээг хангах шатахуун, цахилгаан станц үйлдвэрлэл рүү шууд хөрөнгө оруулалт хийгээд явах ёстой мэт санагддаг. Гадагшаа мөнгөө урсгаад байгаагаа дотооддоо үлдээдэг болмоор.
Эдгээрийг бүгдийг нь засаад, 3 сая хүн эрх тэгш, өлсөж зовж ядарчихгүйхэн шиг амьдардаг л болчихвол бүгд боловсролтой байна уу, эсвэл бүгд малчин байна уу хамаа алга. Гудамжинд хог хаях, бүдүүлэг байх, оймс цоорхой байгаа хүмүүс рүү улс орныг муу удирдаж байгаа хүмүүсийн бурууг чихэх нь шал утгагүй гэж боддог.
Тийм хүмүүс нь тийм байна л биз, байсаар ч ирсэн.

Тийм болохоор нь зөв хараад зөв удирдаад, хоол ундны тэгш хуваарилалт, зохицуулалтыг, дотоод, гадаадтай нь зөв хослуулж хийгээд, алсаа хараад удирдаад явчих хүмүүс сонгогдож гараасай гэсэн мөрөөдөл төдий л зүйл дотроо бодож байна.
Тиймээс мундаг, мэдлэг, боловсрол гэхээсээ Эх орон, нийт иргэдээ гэсэн сэтгэл, ирээдүй, эх дэлхийгээ бодсон бодлого барихаа амлаад, гол нь Эбэ нар шиг "шаадаггүй" хийдэг гэдгээ харуулж чадвал, гол нь шударга ёсыг жинхэнээсээ тогтооно гэвэл олонх болох магадлал өндөр болов уу л гэж бодож байна. Хувийн бодол байлаа. Буруу зөрүү бурж байгаа бол засаарай нөхдөө.
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 18 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)