Бүсгүйчүүдэд...

2022-04-07,23:55
Бүсгүйчүүдийн нэг иймэрхүү доорх шиг эрчүүдэд хэлмээр үгнүүд бас нэлээн байдаг тээ...

Эрхлүүлж чаддаг эрийн дэргэд эмэгтэй хүн эмэгтэйгээрээ үлддэг.
Эрхлэнэ гэхээр элдэв чихэр, жимс, ээмэг бөгж яриад байна гэж санадаг уу?
Эрхлүүлнэ гэхээр торго дурдан дээр хэвтүүлээд толгой өндийлгөхгүй үйлчилэх юм байна гэж ундууцаа юу?
Ингэж боддог эрчүүд их байдаг нь харамсалтай..
Алгын чинээхэн эмэгтэйн аашийг зөөллөөд , яриаг нь сонсоод, уйлахад нь аргадаад, сайхан бүхнийг нь магтаад, түүний талд бат зогсоод , хушуу цорвойлгон хааяа нэг хэлийг нь зажлуулахыг л хэлж байгаа юм.
Эрхлүүлж чаддаг эрийн дэргэд эмэгтэй хүн эмэгтэйгээрээ үлддэг.
Эрхлүүлж чаддаггүй эрийн хажууд эмэгтэй хүн эрслэн болдог…



Үүнээс санаа аваад зарим нэгэн эрчүүдээ төлөөлөөд хүүхнүүдэд зориулж хэдэн зүйл бичмээр санагдлаа. Ганц бие эсвэл хосын харилцаандаа сэтгэл дундуур бүсгүйчүүд байвал нэг удаа уншаад үзчихэд авахаар зүйлс байж мэдэх л юм... Мэдээж хүн бүр адилгүй ч харьцангуй таарна байх шүү. Эрчүүд бас нэмэх юм байвал сэтгэгдлээр нэмж болно шүү.

1. Бэлэг сэлт өгөх гэх мэт аль болох бага хийх нь дээр. Тиймэрхүү зүйл эрэгтэйг чинь яваандаа эмэгтэйлэг ч юмуу, эмэгтэй хүнээс горьдомтгой, гар хардаг нэг тийм болгох магадлалтай... 😝 Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр. Мэдээж бэлэг аваад баярлахгүй хүн гэж байхгүй. Гэхдээ л элдэв эд зүйл гэхээс илүү бүсгүй та өөрөө амьдралынх нь бэлэг нь гээд л явчих нь бараг дээр.

2. Хөөрхөншдээ гэх мэт өхөөрдөх, дээрээс харьцах зэргийг аль болох хийхгүй байвал дээр. Ялангуяа хүүхэдтэй бүсгүйчүүд анхаарахад зүгээр байх. Дахиад нэг хүүхэдтэй л болох гээгүй бол...

3. Аль болох өөрсөд шигээ бодоод дэмий. Эмэгтэй хүмүүс ихэнх нь элдэв сюрприз, цочир бэлэг энэ тэрд дуртай байдаг байх. Тэрэн шигээ эрчүүдийг бас бодоод сонирхлыг нь татах гээд сюрприз барих гэх, эсвэл сонирхлыг нь татах гэж ойлгомжгүй зан энэ тэр албаар гаргах нь дээр гэж боддог хүмүүс байдаг юм шиг санагддаг. Жишээ нь би бол нэлээн хөлдүү төмс болохоор надад бол тиймэрхүү байдал тухайн үедээ аятайхан ч удаандаа ихэвчлэн ойлгомжгүй, ядаргаатай, төвөгтэй санагдаад сонирхол буурчихдаг тал бас байдаг. Илүү оюунлаг, шулуухан, логиктой харилцаад, хүссэн үедээ уулзвал уулзаад, уулзахгүй бол үгүй гээд, дуртай бол дуртай, дүргүй бол дургүй гээд хэлсэн бол хэлсэндээ хүрдэг, анхнаасаа түс тас байвал хөлдүү төмснүүдэд амар. Мэдээж аягүй эмзэг, мэдрэмтгий "эмэгтэйлэг эрэгтэй" бол бас өөр байх.

4. Эрчүүд бидний хөлдүү, гэсгүүн төмснүүд гэдгийг байнга санаж баярлаж байгаа, гомдож байгаагаас эхлээд сэтгэл хөдлөл зэргээ ичиж нэрэлхэж элдэв янз бололгүй аль болох шууд илэрхийлэх, тэр нь хэцүү бол бага зэрэг тойруугаар ч болсон хэлж бичиж, илэрхийлж ойлгомжтой байвал уг нь эрүүл харьцаа үүсдэг юм шиг санагддаг. Бага зэрэг л тойруугаар шүү. Түүнээс биш тойруугаар, бүүр тойруугаар хэлээд байвал явцгүй шүү 😅🥔 Бас хэлэхгүй, асуухгүй энэ зураг шиг бодоод л яваад байж болохгүй.
 

5. Гал халуун сексийн үед л биш бол толгойд нь аль болох битгий хүрч байгаарай. Цохих энэ тэр бол бүүр ч дэмий. Мэдээж тоглоом шоглоомоор ч юмуу инээгээд аальгүйтэж толгойноос бусад хэсэгт хүрэх, цохих боди тооч бол харин маш таатай байдаг. Харин толгойд хүрэх нь тухайн эмэгтэйн дэргэд эрэгтэйн өөрийнх нь өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэл итгэлийг бууруулдаг. Тоглоом гэдгийг ойлгож байгаа ч... Мөн энгийн үед хэт их илж таалаад байх нь нялхруулаад ээж шиг нь санагдаад эхлэх магадлалтай. Эрэгтэй хүн ч мэдээж тэр бүр толгойд хүрээд байх онцгүй гэж боддог. Хааяа нэг илээд үнэрлэх нь эрэгтэй хүний хувьд байж болох ч эмэгтэй хүн бол дэмий гэсэн санаа.

6. Уурлах, загнах, янших зэргийг аль бол тэвчих. Хажууд нь өөр хүн рүү ч гэсэн. Болж өгвөл эрэгтэйнхээ хажууд хөгжилтэй, эгдүүтэй, эрх танхи, хүүхдэрхүү, энхрий байхыг хичээж байгаарай. Тийм зан чинь эрэгтэйг чинь халамжтай, ах, аав шиг ч юм шиг илүү эрэгтэйлэг болгоно. Харин эсрэгээрээ бол хүүхэдлэг болгоод, өөрийг чинь нөхрийн ээж, асран халамжлагч болгох магадлалтай. Мэдээж хааяа нэг бүүр болохгүй үед нь чиглүүлэх, хатуухан доороос, юмуу ижил түвшнээс логиктойгоор хэлэх, зэмлэх нь байж болох зүйл байх. Гэхдээ бүүр л нэг хэцүү зүйл биш бол аль болох ээж шиг байдлаар хандахгүй байхыг хичээгээрэй. Нөгөө талаас хүчирхийлэгч нөхрийг байнга тэвчээд явж байдаг бүсгүйчүүд бас байдаг, тийм биш дотроо бол хүчтэй, тусгаар байдалтай, бага зэрэг жүжчихдэг байх нь ухаалаг хандлага байх. Түүнээс биш бүүр нэг хэцүү юмыг тэвчээд дарамтлуулаад, эсвэл бүүр зодуулаад амьдраад байж бас болохгүй байх.

7. Эрхлүүлж чаддаггүй эрэгтэй энэ тэр гээд дээр бичсэн байгаа. Гэхдээ эмэгтэй хүн эрхэлж чаддаг байх ч гэсэн мааш чухал байх. Ер нь манай Монгол эмэгтэйчүүд ихэнх нь нэг тийм хөлдүү мандаринууд санагддаг 😜. Ядаж байхад нэг их хүчтэй хүмүүс. Ганцаараа болчихно, амьдарчихна, ер нь эр хүн хэрэггүй. Чадалтай, карертай, ерөөсөө бүхнийг чадагч супер. Гэхдээ тийм байдлаа найз залуудаа, нөхөртөө харуулаад гаргаад байвал ер нь яваандаа өөрөө нэг тийм эрийн асрагч масрагч ээж мээж болоод, нөхөр нь "өсвөр насны том хүү" нь болчихдог хандлага их юм  шиг харагддаг. Тиймээс аль болох бас хөөрхөн жүжчихдэг, эрхэлж нялхарч, тухайн хүн хэрэгтэй, халамжийг нь хүсэж байгаагаа ойлгуулаад, хүндлээд хичнээн мундаг эмэгтэй байсан ч нөхөр нь миа байсан ч арай жоохон доороос харилцаад хандаад сав мавны таг онгойлгуулаад, хүнд мүнд юм өргүүлээд, жоохон ядарсан бол эрхлээд хоол унд ч хийлгээд нэг тийм эрхлүүлчихмээр байхгүй бол байнга мундаг, чадалтай, бие даасан харагдаад байсаар нэг өдөр ядраад орж ирээд нөхөртөө эрхлэх гээд гуйхад хөдлөхгүй л болсон байх магадлалтай юм шиг анзаарагддаг. Эрэгтэй хүнд аль болох хариуцлага үүрүүлээд, магтаад яв л гэдэг юм билээ. Би ч бас хариуцлага үүрээд, эрхлүүлээд, өөрийгөө нэг тийм эр хүн гэж мэдрээд явбал илүү таатай, тэгээд хааяахан ганц нэг яг тунг нь тааруулаад магтчихвал бас хөөрөөд явчих магадлал өндөр л хүн байгаа юм.

8. Тэгээд эрэгтэй хүн ийм байх ёстой, тийм байх ёстой эршүүд гоё байгаасай гээд боддог, тулгадаг, хэт хүлээлттэй байдаг бол бас л та том болоогүй л байна гэсэн үг байх. Тиймээс өөрөө үйлдэл хийх, өөрчлөх, нөлөөлөх, эршүүд, халамжтай байлгах, болгох талаас бас өдөр бүр л анхаарч байх хэрэгтэй болов уу. Дээр нэлээн олон дурдсан... Ер нь бол 2 хүний харилцаа хоёулангаас нь хамаарч, бас нэг нэгэндээ нөлөөлж өөрчлөгдөж байдаг байх. Нөгөө услаад байвал ургана гэдэг шиг, харилцан л нөлөөлөх хэрэгтэй л гэсэн үг шиг санагддаг. Тиймээс яавал энэ хүн ямар үйлдэл хийх үү гээд шатар тоглож байгаа мэт бодож эхэндээ харилцаж байх нь зүгээр. Тэгээд харилцаа хуучраад ирэхээр аяндаа олон зүйлс дээр бодоод харилцаад сурдаг юмуу даа гэж зарим ухаалаг бүсгүйчүүдийг харж байхад анзаарагддаг. Ялангуяа зарим Япон хүүхнүүд...

9. Байнга жүжиглээд 2 нүүр гаргаад байх нь ч бас тийм ч эерэг харилцаа биш байх. Тиймээс тунг нь бас тааруулж л байхгүй болохгүй болов уу. Гэхдээ л 2 нүүр бол бүх төрлийн л харилцаанд чухал хэрэгтэй зүйл. Дотроо уурласан ч гаднаа өөрөөр илэрхийлэх чадвар гэдэг бол жинхэнэ боловсорч, том болсон л хүний хийж чадах зүйл.

10. За тэгээд өөр хэн нэгэнтэй эрэгтэйгээ харьцуулах бол хэзээ ч ил гаргаж ярих, сонсгох, илэрхийлэх, харуулах зүйл биш шүү. Хэрэв нэг их удахгүй салъя гээгүй л бол өөр хүнд сайн майн ч гэдэг юмуу, Холливудын од ч байсан гоё моё залуу гэдэг үгийг би үнэнч шударга хүн гэж хэлж амнаасаа гаргаад байх нь ер нь дэмий. Санамсаргүй үг алдаад өөр залууг гоё залуу гэсэн ч худлаа ч хамаагүй миний ханийг бол гүйцэхгүй энэ тэр гээд чаачиж байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол эрэгтэй хүнийг өөртөө итгэлгүй болгох магадлал мааш өндөр. Тийм зүйлд би л лав маш эмзэгхэн дэлбээ юм гэж өөрийгөө боддог. "Хуучин найз залуудаа одоо ч сайн" ийм үг нэг сонсчихвол тэгээд ер нь тархинаас гардаггүй, тэгээд ер нь эрт орой хэзээ нэг өдөр тийм харилцаа дуусдаг гэж санагддаг. Ер нь амьтдаар бодсон ч эрэгчингүүд хоорондоо тэмцэлддэг, номер 1 л байхгүй бол тэгээд болдоггүй дээ, тэр нь генийн түвшиндээ байдаг байх. Таны хувьд 1-р эрэгчин гэдэг тийм мэдрэмжээ л алдвал тэгээд цог хийморгүй, итгэл тааруухан ер нь л онцгүй л сүргийн нэгэн амьтан болж хувирах байх... Хэрэв толгойлогч, хүчтэй, хамгаалагч, энхрийлэгч эрэгчинтэй хамт байя гэж байгаа бол тийм байлгах талаас нь сэтгэл зүйг нь бэлдэх, нөлөөлөх хэрэгтэй байх гэж санагддаг.

11. Секс дээр бас дан ганц эрэгтэйгээрээ хөтлүүлээд, дээшээ харж хэвтээд гоё байна гээд байхаас илүү идэвхтэй байвал хэн хэндээ л зүгээр байх. Гэхдээ идэвхтэй байна гээд хэтрүүлбэл бас зарим залууст таагүй ч байж мэдэх юм. Тэгж бас айгаад өөрийгөө илэрхийлэхгүй бол бүүр л буруу. За тэгээд хувцсаа тайчсан л бол аль болох баригдах юмгүй чөлөөтэй байх нь л өөрт ч амар, тэгээд өөрсдийнхөөрөө байгаад хоорондоо таарч байвал таарна, таарахгүй бол сална гээд явчих нь л зүгээр байх гэж би хувьдаа боддог юм. Тийм тохиолдолд харьцангуй харилцаа эрүүл байх шиг санагддаг. Аа бас хэрэв хамт баймаар байгаа бол худлаа ч хамаагүй секс нь таалагддаг, эрхтэн нь гоё моё гээд ганцхан удаа магтчихад бол ер нь гэмгүй дээ. 1 л тийм юм хэлсэн байхад бараг насан туршдаа мартахгүй л болов уу. Онгироод цаашаа явчихаж ч магадгүй. Гэхдээ тэгчих байх гээд таалагдахгүй байгаа мэт, эсвэл ойлгомжгүй ч юмуу, тийм зовиноох, өөртөө итгэлгүй болгох нөхцөл рүү оруулбал бүүр илүү дор болох магадлал өндөр гэж боддог. Мэдээж үнэхээр миа, таалагдахгүй байгаа бол хамт өөрчлөх гэж үзээд сайжирчихвал нь магтаад, нэмэргүй бол тэгээд бас яамаар ч юмбэ тээ... Миний бодлоор эртхэн зам замаа бодсон нь хэн хэндээ дээр санагддаг 😅

12. Тэгээд ер нь ямар ч үед ямар ч эр хүнд ганцаараа амьдарчихна, эр хүний хэрэггүй энэ тэр гэж бол хэлэх нь лаг мундаг, хүчтэй, чадвартай лаг "хүн" харагдуулах ч гэлээ "эмэгтэй" бол харагдуулахгүй. Дээр нь тийм байдлыг олон хүний дэргэд гаргаад, ганц хүний дэргэд өөр болно энэ тэр гэдэг бол бас л бараг эрүүл хүнээс гарахгүй байх... Жоохон тайлбарлахад хэцүү юм... Ер нь яахав өдөр тутам хэлж, хийж байгаа үйлдэл гэдэг хүн өөрөө ч далд ухамсартаа сонсгож, харуулж байдаг зүйл тул... Хөндлөнгөөс өөр хүмүүстэй, эрчүүдтэй харилцаж байгаа байдал чинь ч эрэгтэй хүнд бас ямар хүн бэ гэдгийг гаднаас харуулна. Ялангуяа мэдээж эхэн үед.

13. Хөгжилтэй, цоглог, эрхэлж чаддаг, эмэгтэйлэг, тааруулаад аальгүйтчихдэг, тайван, уурлаж уцаарлаад байдаггүй эмэгтэйд бол ямар ч л эр шууд татагдана дөө. Эхнэр нь тийм байгаад байвал нөхөр бол байнга татагдахаас гарцаагүй. Яахав өөр эрчүүдтэй тийм байвал хардах нэг нь хардах л байх. Гэхдээ анхнаасаа хар марыг нь бас анзаарч тааруулж сонгох нь уг нь дээр. Тэгж чадаагүй бол тэгээд одоо бас яамаар ч юм... Ер нь бол хардуулаад л яваад байх бол улам гүнзгийрнэ, өөртөө ч стресстэй хэцүү болно. Тиймээс хардалтыг бол сургах, дасгах, бүүр гүнзгийрээд болохгүй бол эртхэн салах нь дээр байж магадгүй.

14. Нэг залуу жоохон ханд мандтай байвал эхнээсээ мундаг хатуу, энгэр чангатай, уулын орой дахь жимс болоод авирах нэг нь авирч ирж авбал аваг гээд бас суугаад бол дэмий шүү. Анхнаасаа харилцаа ямар байх нь эхний хариулт, анхны уулзалт, анхны гар атгалтаас л анзаарагдаж мэдрэгддэг юм шиг санагддаг. Хэрэв магадгүй жоохон ч гэсэн сонирхол татах хүн байвал сийндэж хаялгүй урилга энэ тэр ирвэл хүлээж аваад өөрийнхөөрөө нээлттэй байсан нь дээр байх. Зарим нэг Монгол хүүхнүүд болохоор амархан хүүхэн гээд бодчихно, гуйлгах ёстой гэх мэт балай ойлголттой байдаг юм шиг санагддаг. Хоол идээд танилцлаа гээд амархан ч юмуу, хөнгөн хүүхэн болчихгүй л болов уу. Түүнээс цааш харин хаана нь зөвшөөрөх, зөвшөөрөхгүй байх, хаана нь гүйлгэх, гуйлгах гэдэг бол жинхэнэ эмэгтэй хүний мэдрэмж чадвар, бас сэтгэл мэтгэлийн л асуудал байх.
Жишээ нь нэг бүсгүй таалагдаад танилцаад, маргааш нь уулзаад, нөгөөдөр нь оронд орсон байсан ч дурласан залууд бол тэр эмэгтэй хөнгөндөө тэгсэн гэж бодогдох нь ховор л доо. Тэгээд ч эмэгтэй өөрөө хүсээд хийсэн зүйл бол илэн далангуй тэрийгээ хэлэхэд бол ихэнх эрэгтэй тэр чигээр нь шууд л хүлээж авна, бас өөрт нь хүн тэгж татагдвал таатай, өөртөө итгэлтэй байна. Тэр нь яваандаа эрэгчин, асрагч, халамжтай, эрхлүүлж чаддаг залуу гэх мэттэй бас холбогдоод явчих байх. Өөртөө итгэлгүй, эмэгтэйгээсээ доор төвшинд оршин байгаа бол бараг л тийм чадварууд гарахгүй л болов уу. Тэгэхээр нэг их айхтар давшгүй өндөр уул даваа байх бол огтоос утга учиргүй бөлгөө. Огт таалагдахгүй байсан ч бас хүнийг нь таниад, танилцаад энгийн найзууд байгаад, боломгүй таалагдахгүй бол харин жинхэнэ "өндөр уулын оройд гарах" нь дээр.

15. Ханд мандаа бас нэг олигтойхон ойлгуулчихдаг. Тийм эрдэмд бас суралцвал зүгээр шүү. Мэдээж тэгээд тэр эрдмээ хүссэн үедээ биеэ барилгүй ухаалгаар сэм мэмхэн цаг мөчийг нь тааруулж гаргаад, ойлгуулж мойлгуулчихдаг байвал л тэрийг жинхэнэ эмэгтэйлэг зан гэх байх. Нэг тийм харж мараад байгаа нь мэдрэгдээд, хажууд ойрхон, бас инээж ханиагаад тоглоод цохих зэргээр бооди тооч (биед хүрэх)... г.м. Эсвэл ямар нэгэн халамж, эсвэл юм гуйх гээд л...

16. Хэдий хэр гүйж, чаргууцалдаж эргүүлж байгаагаар нь "хэмжихгүй байх". Эмэгтэй хүмүүс шууд эхнээсээ үнэд ороод үгүй энэ тэр гээд явуулчихвал яг өөрийнхөө заяаныхаа хань маниа ч явуулдаг байж мэднэ. Тэр нэг эмэгтэй хүн бол уулын оройд байгаа жимс, авирч очсон нь авна энэ тэр гээд балай үгнүүд байдаг нь олон хүнд гай болж байгаа гэж боддог. Ер нь бол "үгүй" гээд байхад нь зүтгээд хөөцөлдөөд байна гэдэг бол эмэгтэйнхээ бодлыг огт хүндэтгэхгүй байна л гэсэн үг. Зөвхөн өөрийн хүсэл, зорилгыг л хэрэгжүүлэхээр зүтгээд байгаа хэрэг. Тэрийг хайр гэдэг ч юмуу тэгж л байвал эр хүн бусдаас илүү мэт хэмжих бол маааш буруу сонголтыг хүүхнүүдээр хийлгэдэг. Мөнгө, чадвар, царай, бие хаа ч байдаг юмуу өөр бусад үзүүлэлтүүдээр нь хэмжиж, хэн нэгэн эрэгтэй урьж байгаа бол уулзаж үзэж, урилгыг нь хүлээж авч таних, шинжих шатыг сайн хийсний үндсэн дээр өөрийнхөө толгой, сэтгэл энэ тэрээрээ л сонголтоо хийхгүй бол нэг нөхөр гүйгээд байхаар нь дасаад суучихсан гэдэг хүмүүс бас цөөнгүй байгаад байх шиг байдаг.

17. Дан ганц анхны дурлалын хэмжээгээр л хайр, ирээдүй, амьдрал тэр чигээрээ үргэлжилж явна гэж бодохгүй байвал эр, эм аль аль хүмүүст нь уг нь зөв сонголт хийхэд нь тус болдог юм шиг байгаа юм. Хайр гэдэг улам дүрэлзэж, эсвэл унтарч хөрж ч болдог зүйл байх. Тиймээс эхнээсээ бас шууд айхтар дурлал байхгүй ч боломжийн залуу байвал бас уулзаж, учирч, шинжиж, туршиж сонгох нь зөв байх. Гэхдээ туршиж байна гээд "худлаа" байж болохгүй. Би өөрөө ч хэцүү дурламтгай хүн. Энийг бас өөртөө ухуулаад, хэлээд л байгаа юм...

За ерөнхийдөө бол нэг төмөр чулуу, хөлдүү мандарин шиг биш нэг тийм гоё цэцэг, навч шиг гэх нь ч хаашаа юм ямар ч байсан эгдүүг нь хүргээд, нэг тийм хэрэгцээтэй гэдгийг нь мэдрүүлээд, өөрсдөө эмэгтэйчүүд эрхэлж чадах, энхрий байх нь бас нэг чадвар, ямар нэгэн хэмжээгээр хүн өөрөө л хүсвэл суралцаж, өөрийгөө өөрчилж болох зүйл гэж боддог зүйлсээ хэн нэгэнд бас нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгаж магадгүй гээд бичлээ.

Монгол эмэгтэйчүүдийн нийтлэг зангаас арай өөр байгаасай гэж хүсээд бичиж байгаа шүү. Ихэнх нь гэхдээ уншаад даварцан, т1 гар вэ, энэнд ч юмуу эрчүүдэд одоо тэгээд тааруулахымуу хаашааеин гэх мэт бодох л байх. Тийм бол одоо яах вэ тоолгүй орхино биз. Тиймгүй бол харин бас жоохон бодолцож үзээд, өөрчлөгдөөд оролдоод үзээрэй. Би ийм л хүн, би чадахгүй гэвэл мэдээж хүн байгаа байрандаа л үлддэг гэдэг. Мэдээж байгаа байрандаа сэтгэл хангалуун байгаа бол тэр байрандаа байсан нь дээр байх. Харин тийм биш бол өөрийгөө өөрчилж, янз янзаар туршиж өөрчлөгдөхийг хичээх, суралцах, өөрийгөө сургах, хажуудахдаа нөлөөлөх гээд үзэх энэ тэр бас нэмэртэй байдаг юм шиг санагддаг шүү... Зөөлөн нь хатуугаа иддэг гээд нэг үг байдаг. Дандаа тийм биш ч гэлээ бас бодоод явж байхад илүүдэхгүй л үг гэж боддог юм.


 
төрөл: Охид, бүсгүйчүүддээ | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 96 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)