Номын тэмдэглэл (Ад үзэгдэх зориг)

2024-09-22,17:19
Битгий унш гэсэн мэт дүгнээд биччихсэн ч гэсэн эхний 1/3-ийг бол хүмүүст сайн уншуулаад ойлгуулчихмаар л санагддаг. Уг нь хэрэгжүүлж чадвал үнэхээр амьдралдаа ахиц гаргах боломжтой... Гэхдээ буруу ойлгож буруу явбал бас алдаж ч мэдэх л байх...

Нэг лаг мундаг хүн шиг дүгнээд, шүүмжлээд байдаг ч тийм ч мундаг хүн биш байх. Гэхдээ авах юм бол байж магадгүй... Бас буруу зөрүү бурсан байвал засч залруулах зүйл байвал хэлээд өгвөл сонсоно 😅

Ад үзэгдэх зориг номыг хэд хэдэн удаа эхлүүлж хүмүүст ч бэлэглэж байсан. Дараагийн удаад хүнд ном өгөхдөө заавал өөрөө дуустал нь уншсан номоо л өгч байя гэж бодлоо...
Надад бол ихэнх хамтлаг, дуучдын 12 дуутай CD-нээс 1-2 л гоё дуу, бусад нь чихний хажуугаар өнгөрөх, бүүр чийртэй санагдах 1-2 дуу ч байдаг.
Яг тэрэн шиг л ном гэж санагдлаа.

Энэ номын хувьд би бол эхний гуравны нэгийг нь л уншихыг хүмүүст зөвлөхөөр юм байна.
Эхний хэсгийн зарим санаанууд бол хүнд үнэхээр хэрэгтэй, бодоод авах хэрэгжүүлэх хэрэгтэй, тэгж чадвал амьдралдаа үнэхээр ахиц гаргаж чадахаар гэж бодож байна. Заавал нэг уншаарай.

Харин дундаасаа эхлээд зарим хэсэг нь бол энд бичсэнээс өөрөөр өөрөө бодоод авахад зарим нэг зүйл нь илүүдэхгүй ч, энэ бичсэн чигээр нь хүлээж авбал харин ч "хортой" хэтэрхий "модон" санагдлаа. Би өөрөө ямарваа зүйлд илүү тархиараа хандах талдаа хүн ч гэлээ хүнийг шууд бүх мэдрэмж, биед явагдаж байгаа урвал зэрэгтэйгээ бүрэн тэмц, өөр бай, робот шиг бол, бүгдийг тархиараа бод гэх нь хэлэхэд гоё, сонсоход зөв мэт хэрнээ буруу, бүтэшгүй зүйл.
Дээр нь нэг жишээгээр л хүчээр зарим нэг зүйлийг батлах гэж улайраад нөгөө талд байх өөр том жишээг нүдээ аньсан гэж бас харагдаж байна.
Жишээ нь хүн хоорондын харилцааг бүгдийг хэвтээ болгох хэрэгтэй гэх мэт нь бол хэтэрхий модон эрэгтэй эмэгтэй хүмүүс заавал эсрэг бэлгийн чиг хандлагатай байх ёстой гэж байгаа мэт санаа гэж бодогдож байна. Гэтэл гэи, бисекс гээд өөр бэлгийн чиг хандлагатай хүмүүс байгаад тэрийг бүүр төрөлхийн ч гээд байгаа. Дээр нь мазохист, садист гээд илүү гаж, нуугдмал ил их бага хэмжээгээр хүмүүсийн онцлог ч байх. Тэр хүмүүсийн хувьд аз жаргал гэдэг зүйлийн нэг хэсэг болох таашаал гээч зүйлийг магадгүй тэр босоо харилцаанаас авдаг ч байж болж байна. Гэтэл тэднийг бүгдийг нэг шугаманд аваач гэж байгаатай ялгаагүй. Энэ бол экстрим жишээ ч гэлээ...
Яахав өөрөө бодоод, дүгнээд харилцааг зохицуулж чадахгүй бол ингээд хэлээд өгчихвөл дагаад, тэр нь харьцангуй зарим талаар оноод явах магадлалтай хүмүүс олонх байж мэдэх л юм.

Мөн тэр хэн нэгэн магтвал л босоо харилцаа болоод дээрээс доош хандлага харилцаа болно, магтуулчихвал өөрийгөө чадваргүй гэж бодно гэх мэт бол дэндүү явцуу санаа.
Жишээ нь би огт танихгүй, харилцаа байхгүй, айлын эхнэр, ээж нэг бүсгүйг нийтийн сүлжээнд дагадаг, нууцаар үерхэнэ гэдэг шиг холоос хараад, бишрээд явж байдаг. Тэр бүсгүйг хэзээ ч дээрээс хараагүй. Харин ч бараг доороос хардаг байх. Дээр доорсох ч юм бас байхгүй л байх л даа. Тэгээд тэр бүсгүй танил дүүгийн найз байгаад би тэр бүсгүйг найзад нь магтлаа гэхэд тэр нь ямар нэгэн байдлаар энэ номонд бичсэн шиг залуурдаж удирдах гээд байгаа хэрэг биш. Зүгээр л дотроо төрсөн гоё сайхан мэдрэмжийг бусадтай хуваалцмаар байгаа нь, зүгээр л магтмаар байгаа нь л тэр юм.
Бас хайртай бүсгүйнхээ нүд, царайг магтаад шүлэг бичсэн ч хэнд ч, хэзээ ч уншуулахгүй байж ч болох ч зүгээр л уншуулмаар, хуваалцмаар байх тийм мэдрэмжүүд бас хүнд байдаг.
Бас магтаал бол чадвартай хүнээс чадваргүй хүнд өгч буй дүн гэх нь бас дээрх жишээн дээр би тэр бүсгүйгээс хөөрхөн сайхан болоод тэгж дүгнээд байгаа хэрэг огтоос биш. Харин ч бараг өөрт байхгүй зүйл тэр хүнд байгаад татагдаж байгаа хэрэг.
Битгий хард, шууд итгэ гэсэн мөртлөө дээрхээр бол хэн нэгэн магтвал намайг залуурдах гэж байна гэж харж хардах ёстой болохоор хоорондоо 2 санаа нь зөрдчилдөж байгаа тал бас энэ номонд байгаа.

Энэ мэт олон эсрэг жишээ байх байх...

Нөгөө талаас бусдаар хүлээн ЗӨВШӨӨРӨГДӨХ гээд байдаг хүмүүсийг битгий тийм бай, тэр бол аз жаргалгүй байх үндэс гэдэг санаатай нь бол санаа нийлэх ч дээрх бусад санаа нь бол хэт модон утга учир багатай тулгалт гэж харагдсан. Уг нь ганц тэр талыг л сайн бариад бичсэн орой руу оруулдаг ном байвал олон хүнд уншуулмаар санагддаг...
Бас тэр ямар нэгэн үндэслэлгүй шууд итгэ энэ тэр гэх мэт "тулгалтууд" бол дэндүү гэнэн тэнэг хэрэг. Харин ч тэрийг дагавал "ад үзэгдэж болох" ч "аз жаргалтай" болох гээд байгаа үндсэн зорилгоосоо холдох магадлал өндөр.
Би бол харин ч хэзээ ч юунд ч 100% битгий итгэ гэж зөвлөнө. Харин 90% итгээд үлдсэн 10%-д нь хууртагдсан ч бэлэн сэтгэл зүйгээ бэлдэж үлд л гэнэ. Жишээ нь найздаа итгээд мөнгө зээллээ гэхэд 90% буцааж төлнө, 10% төлж чадахгүй байх ямар ч шалтгаан байж болох тул тийм юм боллоо гэхэд гомдож, уурлаж харамсахгүй хэмжээний л мөнгө зээл гэж зөвлөнө.

Бас итгэл дээр өөр нэг гоё ойлголт байдаг. Монголд бараг сонсож харж байгаагүй ч энд бол зохиол, кино, анимэн дээр цөөнгүй харж байсан. "Чамд бол бүх насаараа хууртагдсан ч яахав" гэдэг үг. Хайртай хүндээ бол бүх насаараа хууртагдаад явсан ч тэрийг хүлээн зөвшөөрөх хэмжээнд сэтгэл зүйн бэлтгэлтэй, тийм болохоор л ямар нэгэн нөхцөл тавилгүй бүрэн итгэнэ гэх юмуу даа тиймэрхүү ойлголт...

Лав энэ номныхоос бол нэлээн эсрэг ч юмуу нэлээн олон хэмийн өөр тэнхлэгээр бодож байгаа санаа байх.
Мөн өнөөдөртөө фокуслаж амьдар гэдэг санаа нь маш чухал. Харин тайлбар нь бол бас хэт явцуу, төлөвлөгөөгүй, өнгөрсөндөө дүгнэлтгүй амьдар гэсэн мэт. Хэрэв төлөвлөхгүй, төсөөлөлгүй бол гэх нь бол хэт нэг талыг барьсан хариуцлагагүй яриа л даа. Амьдрал цэгүүд байж болох асгасан будаа шиг биш гинж шиг цэгүүд гэдгийг мартаж болохгүй.
Уг нь үндсэн цаад өнөөдөртөө, одоодоо илүү фокусал гэдэг нь харьцангуйгаар зарим талаар бас зөв ч гэлээ яг энэ номд бичсэн хэлбэрээр бол "биш л дээ". Ирээдүйгээ харж, төлөвлөж байж л цаашдаа таашаалтай, сэтгэл хангалуун байх буюу "аз жаргал" гээд нөгөө хайгаад байгаа зүйлдээ ойртох нөхцлүүд нь бүрдэх нь өнөөгийн амьдрал, нийгмийн бодит байдал.

Өнөөдөрт л анхаарч зүтгэвэл буруу замаар будаа тээх магадлал өндөр.
За гэх мэт нэлээн олон зүйл дээр "буруу", зарим талаар "хортой ч гэж хэлж болохоор" санаа бүхий ном байж шүү 😅
Ер нь бол тархиараа нэг их бодохгүй олонхид зориулсан ном шиг санагдлаа...
Миний бичсэнийг эсэргүүцэж өмөөрөх хүмүүс байвал нэг бүрчлэн ярилцаж, мэтгэлцсэн ч болно шүү.😉🤓






 
төрөл: Янз бүрийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 33 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)