Еншөөбү Сонгоол Буриад Бямбын Ринчен (1905-1977)
Эх орноо гэсэн түүний сэтгэлийн галыг бөхөөх гээд хэн ч дийлээгүй. Түүнд эх орноо гэсэн сэтгэл, тэмцэхүйн их хурц ухаан, илтгэхүйн дээд авъяас чадвар тэнгэрээс заяажээ. Түүний уран бүтээлийн мөр бүхнээс эх оронч үнэр ханхалж, уншигч авхайг Монгол гэдэг аугаа сүр хүчит, үл мартагдах түүх рүү урин аваачна. Түүний Цогт тайж, Гүнж, Бэр цэцэг, үүрийн туяа... зохиолуудыг уншихад өөрийн эрхгүй цээжинд гал бадран Монгол оронд төрснөөрөө бахархах сэтгэл төрнө.Гурван тогооны үлгэрт гардагчлан Монголчууд бид даанч нэгийгээ дээш гаргах дургүй муухай хүмүүс юм даа. Энэ эрхэм хүмүнийг түүхэн сэдэвт зохиол их бичлээ, феодлын нийгмийг магтан дууллаа, үндсэрхэг үзэлтэн хэмээн “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана” хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бүү саад бол гэж нүд үзүүрлэж байв.Тэрбээр хаана ч явсан эх орон юугаан нэхэн санагалздаг байсан гэдэг. Будапештэд явж байхдаа эх нутгаа санан хээр талаас нэгэн аргал олж ихэд баярласнаа хойно нь “Ар монгол нутагтай эгээ адилхан, агь ханхалсан аргал олж өвөртлөөд үдэш нь Дунай гэдэг их буудалдаа үнсний саванд утаа барин асаадаг боллоо Багын дассан аргалын тэр утаа, бахтай таатай, агийн үнэрт нь хамар загатнанхан Энхэр монгол тал нутгийн минь үнэр л энэ тасалгаанд ханхлах мэт сайхан санагдлаа” хэмээн бахдан бичжээ. Түүний зохиол бүтээлийг унших бүр эх орноо хайрлах сэтгэл төрж, гайхамшигт түүх соёлоороо өөрийн эрхгүй бахдана. Чингис хаан, Ану хатан, Галдан бошгот, Өндөр гэгээн Занабазар, Хатанбаатар Магсаржав, Жанжин Сүхбаатар зэрэг зохиолын баатруудаараа хэлүүлж буй эх оронч, элгэн халуун үгс, зөвхөн эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй зохиолчоос л гарах тэр ариун мөрүүдийг унших бүр таныг улмаа таних мэт боллоо.
http://www.toonto.mn/index.php?mm=photo&task=view&id=28 хуудсанд дахь зургийн тайлбаруудтай танилцаарай...