"Шилдэг" хамгийн муу менежмент

2023-01-03,15:37
Аль дээрээс бичих юмсан гээд бодоод явсан сэдвээр сайхан сууж байгаад ганц бичээдэхье.
 

Оны шилдэг, байгууллагын шилдэг, шилдэг сурагч бла бла. Энэ бол хамгийн муу менежмент, муу маркетинг гэж боддог. Мэдээж энэ ганц Монголд байдаг зүйл ч биш л дээ. Гэхдээ манайд хэтэрхий түгээмэл байдаг.
Байгууллага, компани, сургуулийн сурагчдыг энэ нь сайн ажилласан гээд дэмжиж улам сайн ажиллуулж, түүнд хүрээгүй хүмүүсийг хүрэхийн төлөө хичээлгэнэ гэсэн зорилгоор уралдуулдаг, идэвхжүүлнэ гэж тоцоолсон бодлого байдаг байх. Гэсэн ч яг үнэн хэрэгтээ энэ бол эсрэгээр хэрэгждэг маш хортой үр дагавартай зүйл гэж бодогддог юм. Яагаад гэхээр:

1. Өөрийгөө илүү хичээсэн, илүү ажилласан, эсвэл ижил ажилласан гэж бодож байгаа хүмүүсийн хувьд шударга бус зүйл болж хувирдаг. Тийм хүмүүсийн хувьд цаашид хичээх сонирхол буурах магадлал өндөр. Урмыг нь хугалах, идэвхгүй болгох магадлалтай. 1 хүн урам авч 10 хүн урам хугарах нь нийт дүнгээрээ байгууллагад, сургуулийн хүүхдүүдийн хувьд улс оронд ашиггүй.

2. Ямар нэгэн шалгаруулалтын хувьд магадгүй тоо үзүүлэлттэй байлаа гэхэд шударгаар өрсөлдөхөөс гадна тамын тогооны үлгэрээр бусдыгаа доош дарж илүү гарч шилдэг болох гэх хүмүүс бас байдаг. Нэгнийхээ ажлыг булаах, ажилд нь саад болох, ажил дээр элдвээр дарамтлах гэх мэт өөрөөсөө илүү гаргахгүй байх... Тийм хүмүүс огт байхгүй гэж гэнэн тооцоолох нь том алдаа.

3. Шилдэг нь даргын, эсвэл багшийн үзэмжээр шалгардаг байдал ч үнэндээ их. Зарим тохиолдолд авлига, зусардалт, танил тал гэх мэт сөрөг зүйлс ч ард нь явж байдаг...

4. Үнэн зөв шалгарах тохиолдол байж болох ч шилдэг нь цөөхөн хүн шалгарна. Тэгвэл тухайн компанид тухайн шалгаруулсан үзүүлэлт, хэмжүүрээс өөрөөр үнэ цэнтэй, зүгээр ажлаа хийгээд явж байгаа хүмүүс хэдийгээр шалгарсан хүнд талархаад, өөрөө дотроо ч тэр хүнийг дэмжиж байсан ч далд ухамсарт нь шилдэгээс бусад нь тааруу муу, дорой, шилдэг биш гэсэн мессеж очиж байдаг.

Ялангуяа сурагч хүүхдүүдийн хувьд шилдэг гэж цөөнөөр нь шалгаруулах нь тухайн хэсэг бүлэгт нь илүү итгэл өгөх зүйл боловч үлдсэн хэсэгт нь шилдэг биш, муу гэсэн байдлаар улам дарж байдаг. Дүн гэдэг зүйл ч гэсэн тодорхой зүйлсэд илүү гэдгээр нь заримыг нь итгэлтэй болгох ч сургуульд үздэггүй өөр зүйлд чадвартай байж магадгүй нөгөө хэсгийг өөртөө итгэлгүй, шантрамтгай хүмүүс болгож, заримыг нь бүүр гомдоллогч болгон хүмүүжүүлэх үндэс болж байдаг байх гэж боддог. Энэ талаар боловсролын сэтгэл зүйчид уг нь судалж үзвэл, бодвол гадны судалгаанууд бол байдаг байх даа...

(Үүний эсрэг цэцэг бүр өөр өөрийн өнгө, үнэр, онцлогтой бүгд л үзэсгэлэнтэй, өөр өөр үртэй тэр дотроос нэгийг нь ялгаж нэгт оруулах гэж маргаад яахав, бүгд л өөр өөрийн онцлог сайхантай тийм байхад хүмүүс заавал 1-т орох гэж зүтгэдэг гэх утгатай нэг гоё Япон дуу байдаг юм...
Нилээн тийм гоё философитой дуу. https://youtu.be/qZq-q75KeMw)

5. Шилдэг болж чадаагүй ажилчдаас ирэх жил хичээгээд шилдэг болно гээд хичээх хүн нь тийм ч олон биш байдаг гэж боддог. Бас шилдэг болсон хүний хувьд урам аваад хичээхээс илүү сэтгэл ханачих тохиолдлууд ч байж болно.
Тиймээс энэ 1-т оруулдаг, шалгаруулдаг, шагнадаг урамшуулдаг, мөнгө өгдөг, медаль, цол, тэмдэг өгөөд, тэрнийгээ дагуулж бас бас мөнгө төгрөгөөр тэтгэдэг гэдэг нь маш гаж санагддаг. Гавъяат гээд нэг нөхөр аваад явахад цаана нь ард түмний гавъяат гээд нэртэй хүмүүс чимээгүйхэн нас бараад л араас нь хүмүүс харамсах...

6. Хувь хүнээр нь биш төсөл нь амжилттай дууссан багийг нь шагнах, орлогын хуваарь нь урамшуулах зэрэг нь бас баг бүрдүүлэлт, төслийн сонгож авах гэх мэт болон компанийн дотоод уур амьсгалыг муутгах сөрөг нөлөөтэй байж болно. Тэгэхээр 1 нь урамшаад нөгөө нь гомддог төрлийн шалгаруулалтууд нь хортой юм.

Ерөнхийдөө шагнал урамшуулал гэх зүйл нүдээ олно гэх мэтээр ярьдаг ч үнэндээ тийм боломжгүй л дээ.

Ер нь ямарваа шалгаруулалт бол шударга байх боломжгүй, нийтээр нь идэвхжүүлэх, бүгдэд сайнаар нөлөөлөх магадлал нь их бага юм л даа.

Нэг жишээ авъя:
Нэг компанийн адил албан тушаалд ажиллдаг 2 хүний генийн болон өссөн орчин, сурсан сургууль, ар гэрийн байдал гэх мэт анхны өгөгдөл потенциал нь тоогоор үнэлээд 1 нь 100-тай, нөгөө нь 40-тэй байлаа гэж бодъё. Харин 100-тай хүн тухайн жил 50% хичээж ажиллаж, харин 40-тэй хүн 100% хичээж ажилласан байсан ч 50% хичээж ажилласан хүн нь шилдэг болно. Магадгүй энэ нь тухайн хүн компанид хэрэгтэй гээд үнэлж байж болох ч магадгүй шилдгээр шалгараагүй 100% хичээж ажиллдаг 40-тэй, 30-тай потенциалтай хүмүүсийн урмыг олноор хугалдаг байх магадлал маш өндөр л дөө...

Хүүхдүүдийн хувьд хөгжил нь өөр өөр хурдтай, өөр өгөгдөлтэй хүүхдүүдийг ингэж шалгаруулаад хожуу хөгжих тухайн үед 30, 40 байгаад удахгүй бүүр 110, 150 болох байсан хүүхдүүдийн урмыг хугалж, хэмжүүрт багтаагаад сэтгэхүйг нь хүлчихдэг юм шиг санагддаг.

Тиймээс мэргэжлийн спортын тамирчдын тэмцээн биш тул нийт ажилчдад ч гэдэг юмуу, сургууль бол нийт сурагчдад ч гэх юмуу тухайн уралдаан, шалгаруулалт нь хэрхэн нөлөөлж болох талаар маш сайн тооцоолж байж тийм шалгаруулалт хиймээр юм шиг бодогддог.

Харин гэр бүлийн 2 хүний хувьд бол нэг нэгнийгээ гэр бүлийн шилдгээр шалгаруулаад магтаад байж бол болох байх. Нэг нь шилдэг тогооч, нэг нь шилдэг цэвэрлэгчээр ч юмуу, эсвэл нэг нь шилдэг санхүүч, нэг нь шилдэг жолоочоор ч юмуу, эсвэл хоёулаа шилдэг сексчинээр шалгарч бас болно 😝

Ерөнхийдөө шилдэг, мундаг гэхээс илүү тухай тухайн процесс, тухайн тухайн ажил дээр нь л тодорхой хэмжээнд бусад хүнд анзаарагдахгүй магтаад, идэвхжүүлээд явчихвал л болох байх. Бас нэг урамшууллын жишээ нь Японд жилд 2 удаа бонус цалин гэж байдаг. Тухайн хүний ажлыг үнэлээд хэмжээг нь ерөнхийдөө сарын цалингаас дээш 2 сарын, эсвэл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээнд ч хүртэл урамшуулж өгдөг гэдэг юм билээ. Тэгээд ерөнхийдөө цалингаа, бонусаа тэр бүр дэлгээд байдаггүй, бас нэгнээсээ асуудаггүй. Нэг тиймэрхүү өөр хэлбэрийн урамшуулал, идэвхжүүлэлтүүд байвал зүгээр санагддаг...
Бас ажлын ч юмуу, прожектын амжилттай дууссан, мөнгө орж ирсэн зэрэгт компани нийтээрээ тэмдэглэдэг ч юмуу гэх мэт.

 
төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 112 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)