ИТГЭЛТИЙГ ТООЧВОЛ “ДАЛАЙ, ДАЛАЙ”

2020-12-05,07:10
Итгэлт сайн, муу олон талтай, тун адармаатай, өвөрмөц хүн. Ёстой л есөн шид нь бүрдмэл.
- “Хөрөнгийг үргэлж хөдөлгөж байхгүй бол өмхөрч илжирдэг. Сохор зоосыг ч бол сэгсэрч байвал төл өгдөг юм шүү.”,
- “Заяагүй хүн гэж язгуур угсгаагүй хүнийг хэлдэггүй, залхуу хүнийг хэлдэг юм”,
- “Засагт ханы хөх харчуулыг хэцүү л гэдэг юм”,
- “уяаг нь уртхан уяж, угаадсыг нь өтгөхөн шиг өгч байгаад...” гэх мэтээр Дэвхрэг Итгэлтийн хэлдэг, ярьдаг олон үг хэллэг, бас үйлдэл нь өнөө манай ард түмний дунд хэлц үг болж, ой тойноос нь гарахгүйгээр хоногшжээ. Их зохиолч Ч.Лодойдамба хэр зэрэг амьдлаг дүр бүтээснийх нь үнэлэмж тэр.
Тэгвэл Итгэлт баян сайн сайхан хүн үү, эсвэл муу нөхөр үү?
.
АЖИЛСАГ ИТГЭЛТ...
Тэр хэзээ ч алхайж суудаггүй гайхалтай ажилсаг хүн. Киноны кадр дээр ширтэйгээ оргосон Төмөрийг хайж яваа Бадарч тахартай ярьж байхдаа ч тэр сур элдэж суудаг даа.
“...Итгэлт үүрийн гэгээ цайхаас эхлээд үдшийн бүрэнхий болтол борви бохисхийхгүй юм хийж байдаг. Хавь ойрын хүмүүсээ ч яг тийм байлгахыг хичээдэг.”./ I боть 2 нүүр/
Байнга хөдөлмөрлөж, ажиллаж байдаг учир бие эрхтэн нь хөгжсөн, мөн ямагт урагш яаран тэмүүлэх учир явахдаа хүртэл дээр дээр үсрэх мэт эрч хүчтэй хурдан түргэн. Тиймээс “Дэвхрэг” хоч хүртсэн. Үүнийг романд “...Итгэлтийн нуруу намхан, туранхай боловч булчин шөрмөс болсон бие нь гүйж, үсэрч явахаар зориуд заяагдсан мэт бөгөөд нутгийнхан “дэвхрэг Итгэлт” гэж хочилдог” гэжээ. /I боть 28/ нүүр. Итгэлтийн явган явж буйг “шогшив”, “шогшин явна” гэх мэтээр дүрсэлсэн нь цөөнгүй.
Ер нь “..хайрга чулуу мэрэхээс бусдыг хийж байгаад Луу гүний хошууны тэргүүн баяны нэг…” болсон. Итгэлтийн хэр ажилсаг болохыг олонтаа нотлон өгүүлэх боломжтой.
.
САЙН БИЗНЕСМЭН, МЭДРЭМЖТЭЙ, ЦАРААТАЙ СЭТГЭДЭГ МЕНЕЖЕР
Итгэлт дэлхийн нэгдүгээр дайн эхэлснийг сонсоод Павловтой нийлж орос руу хийдэг үхрийн наймааных нь ашиг хэд нугаларч болох нь хэмээн /далдуураа/ баярлана. Павлов “...Нөхөрт итгэдэг. Том наймаа хийхээс буцдаггүй зүрхтэй, ховор монгол шүү гэж Итгэлтийг үргэлж магтаж байдаг”. /II боть 71 нүүр/. Орос худалдаачин Павлов үүнийг зүгээр нэг Итгэлтэд тал засаж хэлээгүй. Том наймаа хийхээс тэр огтхон ч буцдаггүй, гэхдээ хийсвэр мөрөөдөл, цээж тооцоонд хөтлөгддөггүй, гарцаагүй ашигтай байх нөхцлийг олж хардаг. Тэгээд шийдмэг, зоримог хөдөлдөг.
Мөн “...Итгэлт Орос-Германы дайн удааширч байгааг сонсмогц хадгалж байсан орос цаасаа зарж дуусгахаар наймаа хийж эхэлсэн юм”. . /I боть 138 нүүр/ Орос цөлхөөв буюу Рүблийн ханш унах нь гэж тооцсон хэрэг. Мэдээлэл харилцаа сул хөгжсөн тэр цаг үед боловсролгүй эгэл хөдөх эрд үүнийг сэхээрч мэднэ гэдэг аргагүй төрөлх мэдрэмж, сэтгэлгээг илэрхийлнэ. Итгэлт бичиг мэдэхгүй. Малынхаа дансыг дундаа цэгтэй дөрвөлжин нь хээлтэй гүү гэх мэтээр бүртгэнэ. Гэхдээ тэр хэзээ ч алддаггүй.
“...Итгэлт, ноёд тайж нарын талаар ийн бодно. “Хошуу тонож хагартлаа идэж, илжиртлээ унтахаас өөр юу ч чадахгүй дамшгууд. Ядахдаа хэдэн хамжлагаа ч зарж чадахгүй арчаагүй мөртлөө хортой, мунхаг мөртлөө шунамгай амьтан“ гэж жигшин бухимдаж “хэрэв би хошуу толгойлж байсан сан бол эд нар шиг хөдлөх бүрдээ хятадын пүүсэнд нялх хүүхэд шиг мэхлүүлэн өр тавьж албан татвараар мань мэтийнхнийг чирэгдүүлж байхын оронд хошууны тоогоо алдсан гуйланчныг цуглуулж авчраад уяагий нь уртхан уяж, угаадсы нь өтгөхөн шиг өгч байгаад цэмбэ нэхүүлэхгүй юу” гэж хүртэл бодож байсан билээ”. /I боть 80 нүүр/.
Хэрэв эрх мэдэл нь хүрдэгсэн бол Итгэлт Луу гүний хошуунд цэмбэний үйлдвэр байгуулах нь. Тэгээд зогсохгүй улс дамнасан борлуулалт хийж чадна. Тэр баян л хүн болохоос язгуур угсаагүй, төрийн эрх мэдэлгүй хүн. Итгэлт энэ цагт байсан бол улс дамнасан томоохон компараци элбэгхээн босгочих чадвартай.
Итгэлт хавь ойрынхноо цуглуулж хонио ноослуулж, эсгийгээ хийлгэхдээ “За ах дүүс минь” хэмээн малилзтал инээж, сайхан аашилна. Хонь гаргуулж, “Идэцгээ ууцгаа, эртхэн дуусгачихаад орой цүү хаяна шүү” гэж урамшуулна. Өөрөө ч тэр тоглоомд оролцож, бужигнана. Хүмүүс улам урамшина. /Харин Итгэлт бол тэдэнтэй хамт буйгаа харуулж, урамшуулах нь чухал, гол нь тэр мөөм базах сонирхолтой./ Тэр бусдаар ажил хийлгэж чадна, хэрхэн түлхүүрийг нь тааруулж, яаж хөдөлгөхөө мэднэ. Эсрэгээрээ Пүрэв тайжтны хонийг ноослохоор цугласан улс зодоон цохионоор өндөрлөнө. Энд Итгэлтийн өөрийнх нь үгээр бол “Уяаг нь уртасгаж, угаадсыг өтгөхөн” зуурах буюу хэрхэн яаж хөдөлгөх арга ухаан ялгарна.
- “...өдөр шөнөгүй шогшиж, өлбөрч үхэхээс бусдыг үзэж баймааж хуримтлуулсан хөрөнгийг нэгийг гаргаад арвыг олохгүй юманд зарцуулж бас л болохгүй байна шүү” гэв. /Итгэлт/ /I боть 82 нүүр/
Баялгийг хэрхэн үр ашигтай зарцуулах, байршуулах, арвижуулах Итгэлтийн мөрдлөгө нь энэ.
Бадарч тахар хурдан хээр морь өндөр үнэтэй авчихаад баярхан явааг нь харсан Итгэлт “Хүн мөн онгиргон юм даа. Томоохон шанагаар нэг хутгахад шавхруу үлдэхгүй хөрөнгөтэй байж, тийм үнэтэй морь аваад яана даа” гэнэ. Тэр хэзээ ч үр ашиггүй зүйлд сэтгэлийн хөөрлөөр хөрөнгө оруулалт хийхгүй. Санхүү ашгийн талаарх сайн муу үр дагаврыг нь нэгд нэгэнгүй нягт нямбай тооцоолно. Байгаа хөрөнгөөрөө хурдан морь хусчихаад баярхаж явдаг Бадарч тахрын орчин цагийн муухан хувилбарууд болох өр зээл тавьж том жийп хусчихаад гудмаар багтааж ядан данхагнуулдагууд цөөн биш. Ерөөсөө Монгол маань бүхэл утгаараа ч тиймэрхүү байдалтай. Улсаараа их өртэй атлаа аль тансагт шунах. Хэрвээ Итгэлт Ерөнхий сайд байсансан бол эдийн засгийн огт өөр бодлого хэрэгжүүлэх байсан биз.
.
ГЯРХАЙ, ХЭРСҮҮ, ХАШИР ИТГЭЛТ
“...Эр хүн хэзээ нэгэн цагт эндэгдэл болж гянданд заавал ордог гэж урьдын хүмүүс ярьдаг болохоор “Юмыг яаж мэдэх вэ?” гэж бодсон Итгэлт ээлжээ өнгөрүүлэх гэж гяндангийн хуяг нарт хахууль өгч хагас өдөр тамгын жасааны гянданд сууж...”/ I боть 36 нүүр/. Ер өөрөө хар муу зүйлс их хийж буйгаа Итгэлт сайтар мэднэ. Тиймээс хэзээ нэгэн цагт шийтгэл ирж магад гэсэн хууль цаазын ч, үйлийн үрийн ч өртлөөсөөс айх айдас сэтгэлийнх нь гүнд далдхан бугшиж байдаг нь энэ жижигхэн хэсгээс харагдана. Тиймээс тэр үйлийн үрийг “цайруулах” дом маягийн юм хийж буй нь энэ. Үнэхээр ч тийм дом байжээ.
“...Өдөр өнгөрөх тутам Эрдэнэ, Долгор хоёрын ажилд чадамгайг харж, хоёр сайн зарцтай болсондоо баярласан Итгэлт хүүгээ Баттай дотно нөхөрлүүлж, олж авсан алтаа алдахгүйг хичээв.” /I боть 57 нүүр/. Үүнд тайлбар хэрэггүй биз.
“Гамингууд Луу гүний хүрээнд орж дээрэм хийсэн боловч хоёр гурван навтархай хар гэр зориуд буулгасан Итгэлтийн хашаанд тоож орсонгүй өнгөрчээ”. /I боть. 236 нүүр/. Дүрвэж зугтаж яваа гамингуудад навтархай гэр үлдээхгүй нэгжиж явах цаг зав хомс гэдгийг Итгэлт тооцсон хэрэг. Харин тэр навтархай гэртээ баялгаа хураажээ.
.
СЭРХИЙТЭЛ СЭТГЭДЭГ ГҮЙЛГЭЭ УХААНТАЙ ИТГЭЛТ
Тэр хаана, хэнд, хэзээ хэрхэн хэлбэл оноо цуглуулж, өөрийгөө үнэд хүргэж болохыг андахгүй.
“Уяхан замбуутивийн нар”-ыг Эрдэнэ дөрвөн давхар шуранхайлж байгаад дуулсанд бүгд магтан шагшина. “Ман мин-гийн /эртний хятад романы баатар/ лимбэ шиг хоолойтой хүн юм” гэж Чулууныг хэлэхэд Итгэлт Ман минь гэж юу байдгийг огт сонсоогүй боловч “Яг тийм шүү. Ёстой нэг онож хэллээ” гээд нарийнхан дуугаар инээв. /I боть 197 нүүр/.
- Урьд өмнө наймаа арилжаа хийхдээ Итгэлт нүдээ эргэлдүүлэн тоо бодож, Цаасан дээр элдэв юмсын дүрс зуран хүн амьтны доог болон явдаг байсан бол энэ удаа Эрдэнийг дагуулан зузаан муутуу дэвтэр дээр данс бичүүлэн, шинэ хүрэн суман сампин дээр шажигнуулан тоо бодуулж, тэр бүхнийг нь хэзээ ёзооны бичиг мэддэг хүн шиг ширвэн харж байв. Зарим хүн Итгэлтийг бичиг үсэгтэй болчихож гэж хүртэл жив жув ярилцаж байв. /I боть 189 нүүр/
Энэ мэтээр Итгэлтийн сайн талуудыг олонтаа дурдаж болно. Хорвоо ертөнцийн өнгө хар цагааны завсарт, хүмүүний амьдрал гэрэл сүүдрийн дунд, буян нүглийн заагт. Гагцхүү аль нь илүү вэ гэдгээр хүний чанарыг, амьдралынх нь утга учирыг үнэлж дүгнэдэг.
Итгэлт ч мөн сайнтай, муутай хүн. Түүний сөрөг зан араншин, үйлдлүүд ямар байж вэ?
.
АШИГТАЙ БОЛ ЭХНЭРЭЭ Ч ХУДАЛДАНА
Энэ бол Итгэлтийн амьдралынх нь үндсэн зарчим юм.
Итгэлт, Эрдэнэ хоёрын хооронд нэг ийм яриа болдог.
Итгэлт: ... Эхнэрээ ч болсон хайрлахгүй худалдаж баймааж юм олдог юм шүү.
Эрдэнэ: Тэр ч арай хэтрүүлж байна.
Итгэлт: Магадгүй... Ер нь л наймааны дөр иймэрхүү байдаг юм. /I боть 178 нүүр/
Мэдээж хэрэг Итгэлтийн үгэнд Эрдэнэ итгээгүй, Итгэлт ч эхнэр Должингоо үнэ хүргэчих талаар ямар нэгэн оролдлого гаргаагүй. Гэхдээ Должин нь хэрвээ үнэ хүрэх ашигтай нөхцөлд Итгэлт гудийх ч үгүй худалдчих хүн юм.
Тэр анхнаасаа хөрөнгө харж гэрлэсэн, 19 насандаа Далай Чойнхор вангийн Лувсан тайжийн охиныг ёслон авч, инжинд нь ирсэн овоо хэдэн мал түүний хөрөнгөжих эх суурь болжээ. Итгэлт эхнэр Должингийнхоо талаар нэг иймэрхүү хандлагатай. “...Эдэлнэ гэхэд хуучин, хаяна гэхэд ямар нэг дурсгал буюу сүсэг бишрэлтэй холбоотой юм зарим хүнд байдаг. Тэр хүн уул зүйлд онцын хайртай биш учраас авдрын аль нэг буланд хаяад мартаж орхидог бөгөөд заримдаа нүдэнд нь тусахад хаяхгүй хадгалж байгаа учир явдал нь санагддаг. Итгэлтийн хувьд Должин чухам ингэж хэрэглэж болдоггүй, хаяж ч болдоггүй хуучин эд байлаа.” /I боть 41 нүүр/.
Хэрвээ тэр хуучин эд үнэ хүрвэл зарчихна. Даанчиг хормойгоо өшигчсөн эхнэр Должин нь үнэ хүрэх боломжгүй байж. Гэхдээ Итгэлт өөр нэг хуучин эдээ үнэ хүргээд зарчихсан.
“... Эцэг нь үхэхдээ “гурван үе зүүсэн юм шүү. Чи дөрөв дэх нь хайрлаж яваарай хүү минь” гэж өгсөн хутгыг Ламын гэгээний догшин дүрийн ид шидтэй зэвсэг гэж их үнэ хүргээд өгөхдөө “хайран юм” гэж бодоогүй бөгөөд харин одоо хүртэл амьдралдаа хийсэн хамгийн зөв юм гэж бодон чадал ухаандаа бахархаж явдаг юм. /I боть. 138 нүүр/.
Дашрамд “Эхнэрээ ч болсон хайрлахгүй худалдаж баймааж юм олдог юм шүү” гэсэн Итгэлтийн үгийн цаана Эрдэнийн эхнэр Долгорт санаархсан санаархал, дотоод хүсэл нь бий. Хэрвээ муу үйлд Бадарч тахар шиг Итгэлтийн санааг тааварладаг, эсвэл Ням өвгөн шиг гярхай хүн бол шууд тааварлахаар. Харин гэнэн Эрдэнэ тэгэж чадахгүй л дээ. Тэр Итгэлтээр тоглуулах хүртлээ өөр шигээ санаж явдаг. Буян чавганцад хандсан хандлага ч Эрдэнийн Итгэлтэд итгэх итгэлийг бүрэн эргүүлж чадаагүй юм. Ганц төлөгний төлөө Буян чавганцыг Итгэлт үнсэнд хаясан шалз шиг өчүүхэн ч өрөвдөлгүй түлхэх бөгөөд, чавганц Заяын хүрээний хүрд эргэсэн гуйлгачин болж яваад үхдэг.
Товчхондоо Итгэлтийн эрхэмлэх эн тэргүүний зүйл нь эд баялаг юм.
.
ДЭЭРЭМ Ч ХИЙНЭ
Өөлд бээсийн /Архангай Хотонт сумын нутаг орчим/ нутагт зуд болоод ардууд Тамирийн хөндийд зудаас зугтаж ирнэ. Зуднаас яваа тэдгээр ядарсан зутарсан улс дээр Итгэлт, Бадарч тахарын хамт зорьж очиход тэднийг аргадан гэртээ оруулж, архи дарсаа бариад, хөөж туухгүй байхыг хүсэн гуйна. “Итгэлт,
- Бид ч хөөхгүй. Бас бусдыг ятгахыг оролдоё. Гэвч Луу гүний албат олон. Гэхэд санааг нь ойлгосон Бадарч
- Олон хүн сайнтай муутай. Энэ хүнийг та бүхэн таних уу, Луу гүний баян Итгэлт гэдэг хүн дээ. Нутаг олондоо хүндтэй, үг нь жинтэй гээд Бадарч хар хүн рүү нүд ирмэлээ.
- Итгэлтэд хахууль өг гэсэн санааг хар хүн ойлгож мэдээд Аюуш хадган дээр жижигхэн тойгон ембүү тавьж барив.
Ингээд ядарсан тэдгээр нүүдэлчдээс хахууль авчихна. Буцах замдаа Бадарч Тахар,
- Итгэлтээ олзын олуулаа гэдэг биш билүү гээд хоолойгоо паржигнуулан худал инээв.
- Шагай шиг юмыг хуваах юу байхав. Надаас нэг эм хонь аваарай гэж Итгэлт морио зөөлхөн гуядав.”
Энд Итгэлтийн овтой гүйлгээ ухаан зуралзаад л гараад ирнэ. Үүний дараа харин жинхэнэ мөн чанар нь тодорно.
Итгэлт,
- Бадарч аа, олз үнэртээд байна.
- Хаанаас
- Маргааш орой хэдэн хүнтэй мордоод эднийг идэж орхиё.
- Хэнийг
- Хэнийг байхав дээ... /I боть 248 нүүр/
Энэ “Идэж орхие” гэдгээс хайр найргүй хатуу шунал нэвт ханхална. Орой нь Итгэлт, Бадарч хоёр урт урт ташуур, бороохой барьсан хорь гаруй хүн дагуулан мордож, нүүдэлчдийг хөөх нэрийдлээр тэднийг улаан цагаан дээрэмдэнэ. Тэдний санааг гадарласан Ням өвгөн “Хэний ч нутагт зуд болж магад. Хэрэггүй” гэхэд Итгэлт “Өглөгч хүн өөртөө хоосон” хэмээн бусдын элэг доог болгоно.
“Та минь, бид зуданд ядарсан улс” гэж нүүдэлчдийн нэг хэлэхэд “Зуд болгосон нутгийн сахиусандаа гомд” гэж Итгэлт гашуунаар тавлана. Тэгээд дагуулж очсон хүмүүсээ нүүдэлчид рүү турхирч орхиод, тэднийг зодолдож байх хооронд Итгэлт, Бадарч хоёр эзгүй гэрүүдээр орж, өнгөтэй, өөдтэй бүхнийг цөлмөнө. “Луу гүнийхэн аргамж сур, гэрийн бүслүүр, хурган дотортой дээл зэрэг юм авсан боловч Итгэлт, Бадарч хоёр шиг алтан бөгж, эхнэр хүний толгойн хэрэглэл, ембүү мэт чанартай юм олж авсангүй бөгөөд хоёр гайхлын авсныг хэн ч мэдсэнгүй”. /I боть 250 нүүр/
.
АЙЛ ГЭРИЙН ГОЛОМТ Ч САМАРНА
Итгэлтийн тачаал хүслийнх нь золиосонд Эрдэнэ гэдэг айлын голомт тарна. Гэнэн, итгэмтгий Эрдэнэ ганц үг сонсох төдий эвэртээ дэлдүүлсэн ишиг шиг эргэж харахгүй арилж одно. Түүний хувьд хорвоо хөмөрчээ. Долгорын ч хорвоо дууссан. Гэхдээ хүлцэнгүй үлдэнэ. Галсанг адуу манах хойгуур нь эзгүйчилдэг Дулмаа нь оргоод Төмөртэй нийлэн алга болсон учир Итгэлтэд Дулмааг орлох эм сүвтэн хэрэгтэй байв. Тэгээд Долгорыг өрөвдсөн царай гарган, ийн ганцаар суухаар Галсантай нийлчих гэж хүртэл ятгана. Долгор мэдээж түүнийг үл зөвшөөрөв.
Долгор үхэхээр шийдэж Тамирын голын мөстэй усанд унадаг. Гэвч азаар аврагдана. Хүү Бат нь эцэг эхгүй өнчирч, Хүрээг зорин, элдэв гуйланчлал үзнэ. Харин Итгэлт ороо бусгаа цагийн завсраар ашиг орлогоо хэрхэн зузаатгахад л сэтгэл зовнино. Тэр Галсанд Ханд хэмээх нэгэн буурай бүсгүй олж өгөх ба мөн л эзгүйчилнэ. Тэр завсраа галтай цогтой, үзэсгэлэнтэй Дулмаатай харьцуулан чамлах хийгээд “Залуу л болохоос Должингоос илүүчлээд байх юм алга даа” гэж Итгэлт адуу манахаар явсан Галсангийн гэр рүү явж байхдаа боддог байлаа.
Орост иргэний дайн гарч Итгэлтийн хоршоо наймаачин Павлов нутаг буцах болоход “Өвгөн минь, эхнэр хүүхэддээ битгий зовоорой” гэх авч /Iботь 264/ хожим эргэж очихдоо “Үзье, ямар байдаг дамшиг бол” гэсээр хэргээ бүтээнэ.
.
СУУСАН ГАЗРААСАА ШОРОО АТГАНА
Үүнийг ч ёстой бүрэн гүйцэд утгаар нь хийж чадна.
Зартай алдартай Цахиур Төмөр өөрийнх нь барлаг болсон Эрдэнийн дүү болохыг мэдмэгц,
Итгэлт: Миний бодлоор Төмөр муу хүн биш юм шүү. Танилцах юмсан гээд Эрдэнэ рүү харлаа. Итгэлтийн нүдэнд үнэн сэтгэл тодорхой байхыг Эрдэнэ олж харлаа
Эрдэнэ: Тэнэж яваад ирвэл танилцуулж болох байлгүй дээ гээд түрийнээсээ мод толгойгоо авч тамхи нэрэв.
Итгэлт: Зүүн аймгийн хурдтай газраас хязаалан үрээ авчирч азарга тавих юмсан. Төмөрт захивал юу байхав дээ. /I боть 186 нүүр/
Итгэлтэд Цахиур Төмөр бол Зүүн аймаг байтугайгаас нь хурдан үрээ авчрах боломжтой хүн учраас “муу хүн” биш болно. Мөн өөрийнх нь цувыг хүү Хонгор нь Төмөрт өгснийг тэр далимд санаж, бас энэ зэргийг хүсэх нүүртэй гэдгээ тооцно.
Хүрээнээс оргож ирэхдээ “Хонгорын унаж ирсэн морийг хүрээ рүү явж байсан замын хүнд худалдаад эмээлийг нь илүү гэрийн бараанд хийжээ”. /II боть 323/. Юу болж буй нь ойлгомжтой байх аа.
“Итгэлт: Ням гуай, Пүрэв тайжийн адуучны сураглаж явсан хоёр тэр байна гэж нөгөө хоёр морийг заав. - Барьж аваад, ирж автал нь хонинд талхилж орхих юмсан гэж Итгэлтийн бодлыг таасан мэт Ням хэлэв”. Ням өвгөн хашир. Мөн тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүйн адил Итгэлтийн дэргэд он удтал барлаг суусан хүн түүний занг андахгүй. Уг нь Итгэлт бол амьтны алдуул хоёр морийг ашиглахдаа тулсан ядарсан нэгэн биш, хэдэн арван суурь малтай, хэдэн арван азарга адуутай хүн. Гэхдээ л ашиг бол ашиг. “Барьж аваад, ирж автал нь хонинд талхилна” гэдэг бол бас л ашиг. Одоо цагийнхаар бол өөрт нь нэг бус нэлээд хэдэн жижиг том жийптэй ч гэсэн хашаанд нь хүн унаж ирээд орхичихсон машиныг эзнийг нь ирээд автал ээлжгүй унах хүсэл юм..
.
НЭГИЙГ БОДООД НӨГӨӨГ ХЭЛЭХ НЬ ИТГЭЛТИЙН ОНЦГОЙ ЧАДВАР
Эрдэнэ Тамирын хөндийд чөдрийн ганцаасаа салж, арга мухардаад Итгэлтээс тусламж хүсдэг. Гэтэл Итгэлт огт халгаахгүй. “Хэн хэндээ халгүй явьяа” л гэнэ. Гэтэл аз уу, эз үү, Хошуу тамгаас бичиг ирж, дуудаж өгөх хүнгүй болоход Эрдэнэ туслана. Тэр даруй Итгэлт бичиг үсэгтэй, бас ажилсаг шаавай ч байж мэдэх идэр залуухан зарцтай болох боломжийг олж харна. Тэгээд
“Галсанг дуудаж “Дүү минь, энэ ядарсан хүнд тусалж үз. Хэн маань ч ялгаа юу байх вэ?” гэжээ. /I боть 57 нүүр/. Мөчийн л өмнө халгаахгүй суусан хүн шүү дээ. Мөн ийнхүү хэлж байсан хүн хожмоо зуданд зударсан улсыг хайр найргүй нүцгэлэн дээрэмддэг. Энэ удаад ч Эрдэнэд тус болох гэж бус ашиг харж энэ үгийг хэлнэ.
Ер нь Итгэлтийн энэ мэт занг илтгэсэн явдал романд олонтаа. Адуундаа мордож буй хоёрт дулаалж явахыг захихад “Итгэлтийнхээс гараад явж байхдаа “Хөөрхий ах манийхаа аав шиг л бидний төлөө зовж байх юм” гэж Галсан хэлэв. - Мань Итгэлт ч хоёр бодолтой хүн дээ, Алтаа бодоход авдраа бодно гэгчээр адуугаа бодоход манийгаа бодож байгаа юм гэж Нямаа ажиггүй хэлэв. /I боть 36 нүүр/. Нямаа өвгөний энэхүү АЖИГГҮЙ хэлж буй үг ихийг өгүүлдэг.
Бизнесийн хамтрагч, бэлэг сэлт, өргөл хүндэтгэлээр нэг нэгнээ дарж байдаг Павловыгаа иргэний дайнд ялагдан, хөөгдөж туугдаж, аргаа барж явааг хараад “Хожигдсон шатрын ноёныг өрөг дээр хичнээн чанга тавивч мадаас аварч болдоггүйн адил, та нарын ажлын хөг өнгөрсөн бололтой” гэж Итгэлт бодовч өнгөн дээрээ нөхрийн гашуудал зовлонг хуваалцан, “Эр хүн долоо дордож, найм дэгжиж явдаг юм даа” гэж байлаа. /I боть 296 нүүр/
Эрдэнийг эзгүйчилснийхээ дараа алс аянаас эргэж ирэхэд нь Итгэлт юу ч болоогүй мэт тэднийд орно. “Өвгөнийхөө дэргэд уруу царайлан зогсож байгаа Долгорыг харснаа
- Нөхрөө ирээд байхад модон өмд өмсчихсөн юм шиг зогсоод яаж байгаа дамшиг вэ гээд инээмсэглэв.
- Миний тухай муухай зүүд зүүдэлсэн гэнэ ээ гээд Эрдэнийг хэлэхэд Итгэлт янцгаан инээж,
- Амьдралыг зүүдээр харж болдоггүй юм гээд аягандаа цагаан тос хийж идэх зуураа Эрдэнээс замын сонинг асуун нилээд ярилцав. Долгор тэсэж чадалгүй гарав”. /I боть 170 нүүр/
Дайн самуун үүсэж, улс төр амьдралд нь оролцоод ирэх нь тодорхой болмогц Итгэлт нэгийг бодно. Тэгээд улс төрийн ивээл өмгөөлөлд орохын тулд хэдэн шар туугаад Заяын хүрээг зорив. Гэвч улс төрийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн тул Вандановт барих гэж авч очсон хэдэн шараа Хатанбаатарт ямар сайхан сэтгэл хөдлөм үг хэлж өгдөг билээ. Түүнийг кинонд тун тод харуулсан. Одоо цагт бол их нийтлэг явдал болсон доо, улс төрөөс бизнес нь хамааралтай болчихсон учир бизнесмэнүүд аргагүйн эрхэнд зуу зуун саяыг тэврээд улс төрийн аль нэг намруу очдог.
.
ХОНЗОГНУУР НОХОЙ ИТГЭЛТ
“Үнэн үү?”, “Үнэн”. Энэ товчхон ярианы дараа Эрдэнэ мордон давхиж, голын эрэгт Галсантай яваа Итгэлтийг барьж аван үг сүггүй ороолгоно. Тэгээд мордон, хаашаа ч юм, харсан зүгтээ давхиж одно.
“Хөх булуу болтол нүдүүлсэн Итгэлт “Муу цагаач, чамайг хонгоны махыг чинь борвин дээр чинь буулгана даа” гэж шүдээ хавиран явахад “Тэнэг золигийн цус, нөжий нь хутгах хэрэгтэй” гэж Галсан дуу нийлүүлж явлаа. Задарсан Эрдэнээс яаж өшөөгөө авах тухай Итгэлт арга сүвэгчлэн бодсоор Луу гүний хошуу захирагчид хахууль өгч, Халх дөрвөн аймаг, шавь тавд гэгээн цагаан өдөр, гэрэлтэй шар наранд хүн дээрэмдэх гэж оролдсон Эрдэнийг барьж, Луу гүний хошуу тамганд хүргүүлэх зар гаргаж, баригдаж ирсэн цагт нь Галсангаар гэрч болгон, өдрийн дээрмийн хэрэгт унагаж, Бадарчийн гарт өгөөд амьдаар нь хатаахаар шийджээ. /I боть 220 нүүр/
Итгэлтэд ямар ч гэмшил үгүй. Тэр ч бүү хэл Эрдэнийг бүр дээрмийн хэрэгт гүтгэхээр шийджээ. Өөрийн бодолгүй, өчүүхэн Галсан бол түүний аяыг дагаж, дээрмийн гэрч болох болно. Тэр Галсанд хэлэх үгийг нь ч зааж чадна.
Эрдэнийг зүг чиггүй явсны дараа ганцаар үлдсэн Долгор дээр орж ирээд ийн ярина. “Долгор минь аль бүр ганцаараа хоосон гэрт уйтгарлан суух вэ. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй. Галсан та хоёр нийлбэл хэн хэндээ түшиг болох байх даа. Миний хувьд бол чамайг орхихгүй” гэлээ. /I боть. 240 нүүр/
Энэ “Чамайг орхихгүй” гэдэг үг нь чамайг харж үзэж, тус болно гэсэн үг биш болохыг эрх биш гадарлаж буй байх аа. Цааш романд ийн үргэлжилнэ.
“Чамаас болж би нөхрөөсөө хагацсан. Одоо намайг эрлэгийнд очуульяа гэж бодоогүй юм бол энэ юм аа дахин битгий яриарай” гэж Долгор хариулсанд, “Давахгүй гэсэн давваагаар гурав давдаг юм даа” гэж Итгэлт хэлээд хүйтэн инээмсэглэхэд нь “Надтай зөрөөд ч гялайхгүй байхаа” гэсэн дээрэнгүй бодол нүдэнд нь тод байлаа. /I боть. 240 нүүр/
.
Энэ мэтээр Итгэлтийн булайг ярих юм бол ёстой өөрийнх нь өгүүлдгээр “Далай далай”. Ингэсгээд орхие. Ер нь одоо Итгэлт хэн бэ, ямар хүн бэ? гэдэг нь нэлээд тодорхой болоод ирж буй байх. Товчхондоо бол Итгэлтийн хувьд бусад хүмүүс, хэн нэгэн гэдэг бол зөвхөн ашиглаж болох эд юмс төдий байна.
Түүний хувьд олон түмэн гэдэг бол баялгийг нь арвижуулж байх, бах цэнгэлийг хангаж байх хэрэгсэл төдий. “Итгэлт сүүлийн үеэс баярхаж, жилд хоёр удаа жасаа уншуулан их найр хийдэг болжээ.... Орсон хүн бүхэн Итгэлтийн нүнжигтэй, баян тарганыг магтан шагшиж, ам булаалдан ярилцана. Гэхдээ ингэж баярхахын тул Итгэлт хүрээний дэлгүүрүүдээс хатсан танзуур, шороотой чихэр, лүү нь цоорч, дотор нь огтоно үхсэн архийг хямд үнээр цуглуулж ирснийг хэн мэдэх билээ”. /I боть. 214 нүүр/ Ер нь мэдсэн ч яах юм билээ.
Ашиггүй бол тэр хэнийг ч тоохгүй, хялайх ч үгүй. Ашигтай бол тухайн хүнээс нь шалтгаалж хэрхэн харьцахаа мэднэ. Энэ талаар романд ийн бичжээ. “...Итгэлт бол үнэндээ хэрсүү хүн байж билээ. Өөрт нь тус болж, ажилд нь хэрэгтэй хүнд тэжээмэл бяруу шиг, хүслээ биелүүлэхэд саад болсон хүнд хорт могой шиг, ажил хийвэл энэ гэрийн хамгийн үнэнч зарц юм... Хэрэгтэй үед юугаа ч өгөхөөс буцахгүй өглөгч, хэрэггүй бол сэтэрхий зүү ч хүнд өгөхгүй цэвдэг сэтгэлтэй ажээ.” /I боть 58 нүүр/
Мунгинуу дорой барлаг Галсангийн хувьд Итгэлт шиг сайн сайхан хүн үгүй. Нэг удаа Галсан согтоод “Итгэлт ах шиг минь тос даасан баян хүн хоёр Тамирийн саванд байтугай Халх дөрвөн аймагт байхгүй” гэж бувтнавч, ... Галсан “Халх дөрвөн аймагт” гэж солиорсоор дуу нь тасарна... /I боть 215 нүүр/ Бас тэр Эрдэнэтэй анх уулзахдаа Итгэлтийн талаар ихэд сайрхан, бахархан ийн ярьдаг. “...Ах хэдий ширүүн зантай боловч нуруу сайтай, тусархаг хүн шүү. Харин тэгэхдээ хүнийг өөр шигээ л ажилтай байлгахыг хичээдэг юм даа гэж Галсан ярив. /I боть 39 нүүр/. Харин Итгэлтийн хувьд Галсан бол хэн ч биш. За бас биш юм, Галсан бол үгнээс нь гардаггүй, юу хэлснийг нь хийдэг, номхон дуулгавартай, аливааг ялгаж салгах чадваргүй, шувтартал нь ашиглаж болох барлаг. Бас түүнд эхнэр нэрээр ядуу айлын залуу сайхан хүүхэн авч өгөөд, өөрийн зугаа цэнгэлээ болгоход нь хэрэгтэй. Галсан хэзээ ч түүнийг хардаж чадахгүй, тийм л амьтан, хэрвээ гэнэт мэдэх юм бол Галсан яаж ч чадахгүй, их сайндаа уйлна. Эрдэнэ шиг галзуурч, давхиж ирээд ташуураар ороолгох чадал ч, зориг ч, санаа ч Галсанд байхгүй.
Харин хүчтэй, чадалтай, ухаан сийрэг, бичиг номтой учраас үлэмж хэрэгтэй хүн болох Эрдэнэтэй огт өөрөөр харьцах буюу тэжээвэр бяруу шиг номхон байв.
Энэ мэтээр Итгэлт-Эрдэнэ, Итгэлт-Долгор, Итгэлт-Сүрэн, Итгэлт-Бадарч, Итгэлт-Төмөр, Итгэлт-Нямаа, Итгэлт-Пүрэв тайж, Итгэлт-Цамба, Итгэлт-Бат зэргээр үргэлжлүүлж болно. Өөрөөр хэлбэл Итгэлт бол романы бусад дүр бүртэй харьцуулж болох, бас бүгдийг нь нийлүүлсэнтэй эн тэнцэх тийм хүчирхэг, төгс бүтээгдсэн дүр юм. Ч.Лодойдамба зохиолчийн “Тунгалаг Тамир” романыг XX зууны шилдэг романы гэсний нэгэн гол гогцоо учир чухам энэхүү амьдаас амьд, тод содон Итгэлтийн дүрд бий. Ардын жүжигчин А.Очирбат гуай ч дүрийг дэлгэцнээ гайхалтай амьдруулж чадсан. Сүүлийн үед уг романыг үгүйсгэх хандлага мэр сэр ажиглагдах болсон учир зориуд ийн бичлээ. Цааш нь уг романы бусад дүрүүдийн задаргаа, түүхэн дэвсгэр, хэл найруулга, үзэл санааны талаар бичих аваас бас далай шиг зүйл бий. Тийм л үнэ цэнэтэй, чухаг томоохон туурвил, аргагүй Монгол үндэстний түүхэн бүтээл мөн юм.
.
Дүрээр сэтгэх нь уран зохиолын амин мөн чанар гэдэг. Итгэлтийн дүр нь, ерөөс бусад бүх дүр нь “Тунгалаг Тамир” романы уран сайхны чанарыг илтгэнэ. Тэр бүү хэл өчүүхэн зурвас гараад өнгөрөх өртөөний гэрийн нэг нь дүлий, нөгөө нь жонгиноо хоёр хөгшний дүр хүртэл тод томруун, өөрийн гэсэн мөн чанар, онцгой ялгарах хэв шинжтэй.
1990 он гарсаар нэг хэсэг хэв шинжит дүр гэгчийг элэглэн шоолохдоо хүрэв. Нэгэнд нь сайн бүхнийг, нөгөөд нь “Муу л бол хойт захын хар овоохой” гэдэг шиг муу бүхнийг аваачаад тохчихдог туйлшрал уламжлалт соцреалист аргад байсан. Сайн, муу дүрийн ялгарал нэн тод. Харин Итгэлтийн дүрд сайн нь ч, муу нь ч байгааг бид харьцуулан үзлээ. Хэн яаж харж байгаагаараа, хараа, өнцгөөсөө шалтгаалж Итгэлтийг янз бүрээр дүгнэх боломжтой.
Ер аль аргазүйгээр бичих нь тийм ч чухал биш, тэр нь сайн, энэ нь муу гэх нь өөрөө туйлшрал, харин тэр аргазүй дотроо хэр хэмжээнд урлаж чадаж вэ гэдэг нь илүү чухал юм. Эрин зуун бүрд өөр өөрийн аргазүй зонхилж ирэв. Дундад эртний үед баатарлаг туульс, XVII-XVIII зуунд романтизм, XIX зуунд реализм, харин XX зуунд формализм, соцреализм хоёр гэх мэт. “Тунгалаг Тамир” романыг хэдий соцреалист хашаанд буйгаар харах ч энэ нь түүний уран сайхны чанарыг үгүйсгэх шалтгаан биш. Тэгээд ч амьдралд хэв шинжүүд угаасаа байдаг. Бид л олж харж чадахыг байчихсанаас биш. Тийм л гэнэн, ойр зуурхан хараатай, нүдэнд харагдаж буйдаа итгэх төдий болчихсоных. Нийгэм хөгжих хэрээр амьдралын олон харилцаа стандарчлагдаж, соёлжиж, боловсросноос тэрхүү хэв шинжүүдийн ялгарал ихэд бүдгэрсэн. Гэвч мөн чанар нь байж л байдаг.
1991 оны Нобелийн эдийн засгийн шагнал хүртсэн Рональд Кооз / Ronald Coase- гэдэг эрдэмтэн байна. Түүний нэрээр нэрлэгдсэн Coase theorem / Коозын теором ч гэж бий. Хууль болон эдийн засгийн салбарт хүчний харьцааны эцсийн үр дүнд нөлөөлдөг хөндлөнгийн нөхцөл байдлын талаарх судалгаа хийхдээ эрдэмтэн Рональд Кооз нэгэн зүйлийг анзаарчээ.
Хууль болоод эдийн засгийн салбарт Шударга ба Шударга бус гэсэн хоёр өөр талбар байна. Шударга, зарчимтай, үнэнч ёсзүйтэй хүн зөвхөн Шударга талбарт л тоглоно. Харин шударга бус, ёсзүйгүй, зарчимгүй нь Шударга болоод Шударга бус хоёр талбарт зэрэг тоглож чаддаг ажээ. Түүгээрээ илүү аюултай, хорлонтой. Өөрөөр хэлбэл тэд Шударга талбарт тоглож шударгын дүр бүтээж чадна. Яг Итгэлт Галсанд харагддаг шиг шударга, хөдөлмөрч, хүн сайтай, ухаантай, өөрийнх нь төлөө ямагт анхаарч, ах мэт, аав мэт халамжилдаг сайн хүн харагдана. Бас Шударга бусын талбарт ч амжилттай тоглож чадна. Итгэлт Бадарч тахартай нийлж зуданд нэрвэгдэн ядарсан нүүдэлчдийг ичих юмгүй дээрэмдэж чадна. Бас Дулмааг, Долгорыг, Хандыг эзэмдэж, хүчиндэж, айл гэрийн голомт сүйрэхэд үл ажирч чадна. Буян чавганцыг гуйлгачингийн тавилан руу өчүүхэн ч ажиггүйгээр өшиглөж чадна. Хэнд авилга өгөхөө мэднэ, хэнийг шулж, хэнийг хуурахаа ч мэднэ, хэнийг айлгаж дарамтлахаа мэднэ, хэнд номхон бяруу шиг аашлахаа ч мэднэ. Орчин цагийн дэлхийн эдийн засгийн амьдралд ийм үзэгдэл, хандлага маш түгээмэл. Бидэнтэй “хувь заяагаар” холбогдсон алт зэсний магнат Роберт Фридландийг зүгээр нэг “Хорт Боб” гэж хочилдоггүй болохыг туулсан бизнесийнх нь замналтай сайтар танилцваас мэдэх болно. Нэгэн цаг үеийн оюутан, ойр явсан Стив Жобс ч түүний тухай чимээгүй өнгөрч чадаагүй юм.
Цахиур Төмөр ч, ах Эрдэнэ ч шударга хүмүүс. Тэд эр зоригтой, чадал тэнхэлтэй, гүйлгээ сийрэг ухаантай, эрдэм мэдлэгтэй. Гэвч тэд зөвхөн Шударга талбарт л тоглож чадна. Нөгөө талбарт нь тоглож эс чадна. Тиймээс гэнэн, тэнэг мал мэт байна. Тиймээс Эрдэнэ Итгэлтэд маллуулж, зарцлагдаж, бас чадуулна, тоглуулна. Цахиур Төмөр муу хулгай Түгшилд хутгалуулж, хожмоо бас алуулна. Хэдий Цахиур Төмөр нь адууны ядарсан хулгайч Түгжилээс эр чадал, эр сэтгэл, эрэмгий зориг, хатан тэвчээр, саруул ухаан, сайхан сэтгэл гээд бүхнээрээ илүү ч, Эрдэнэ эрдэм ном хийгээд эрүүл ухаанаар Итгэлтээс илүү ч тэд Шударга бус талбарт тоглож эс чадах учир гэнэдэж, хүчин мөхөсдөнө. Тэгээд хохирогч болцгооно. Тэд хохирогч болохоор бүгд хохирогч болно. Учир нь түүний цаана шударга ёс хохирч байдаг юм.
1990 он гарснаар манайхан нэг хэсэг Итгэлт баян шиг болцгоох юм болоод шуугицгаасан. Тийм уриа ч гарсан. Сонин хэвлэл гарч, үзэл суртал болгон сурталчилж байв. Үр дүн нь өнөөдөр гарч байгаа. Итгэлт шиг хоёр талбарт зэрэг тоглож чаддаг хүмүүст боломж ихээр нээгдсэн. Тэд сонгогч олон түмний нүдэнд зангиагаа зүүгээд, гутлаа тосолж байгаад шударгаас шударга сайхан дүртэй харагдаж чаддаг, итгэлийг нь олж, санал авдаг. Төрийн эрх мэдэл хэмээх хэмжээ хязгааргүй цусалж болох шавхагдашгүй мэт капиталын залуур дээр суухын тулд бүхнийг хийж чадна. Цас ухаж, үс засаж, нулимс мэлмэрүүлж, шударга шударга уриа лоозон хашгирч, сэтгэл догдлом илтгэл яриа урсгана. Тэгээд хүссэн эрх мэдэлдээ хүрцгээнэ. Тэгээд өм цөм хулгайлна. Түүнээ хуулиар баталгаажуулна, цагаатгуулна. Тэд нэг нэгнээ тун сайн ойлгоно, ойлголцоно. Яг л Итгэлт, Бадарч тахар хоёр хоёрхон үгэн дээрээ ойлголцдог шиг. Тэгээд амархан бүлэглэнэ. Тэр нь нам нэртэй сект, бүр мафи болон өргөжинө. Юуных ч учрыг олохгүй тэднийг даган намирдаг Галсан шиг, өнөөгийнхөөр бол Со шиг нөхдүүд ч цөөнгүй.
Энэ их авилгал/11 их наяд/, офшор, энэ төрийн ялзрал, өр зээл, утаа, түгжрэл, хорт хавдар, стресс, бухимдал бүхэн Итгэлт шиг хоёр талбарт зэрэг тоглож чадсан хүмүүст боломж олгосны үр дүн. Тэгээд бид Галсангууд болон Нямаа өвгөний дүрд өөрсдөө сайн дураар тоглоцгооно. Нямаа өвгөн бол хашир гярхай, бүхнийг анзаарч мэдэх ч тэр хэзээ ч шударга бусын эсрэг тэмцэх хүсэл сонирхолгүй, зориг зүрхгүй, үйлийн үрд бишрэн, үг сүггүй номхон суух бөлгөө.
Тэгээд бид айлд мартсан бандааж харан баясаж, өгзөг илэхэд шуугилдаж, казино тоглоход нь атаархаж, хөөн хэлэлцэх хугацаагаар нэгнээ өршөөцгөөхөд нь дэмий л гайхацгаана. Зодолдоход нь шоолж, нүдэн дээр вант улс байгуулж байхад нь шогшрохоос цаашгүй. Хошгирохуулахад нь хошгирч, турхирахад нь өөд өөдөөсөө архирна. Тэгээд тэдний бидон, халуун сав, зурагтай календарь, гар чийдэн, нэрээ бичсэн аяга, сүвинерт нь хууртан баясаж, мөнгө тараахад булаалдан дайралцаж, амлалтаар нь цадаж, дахин дахин боломж олгоно. Ийм л чөтгөрийнх мэт битүү тойрогт гасалцгаана. Зарим нь цөхөрч, шударга ёс угаасаа байдаггүй юм байна гэж халаглана.
Мэдээж хэрэг бүгдээрээ шударга бус хүмүүс биш байх л даа, шударгууд нь байдаг л хэрэг. Гэвч тэд нь цөөхөн, тэгээд ч нөгөөдүүлдээ нам даруулна. Нөгөөдүүл хоёр талбарт зэрэг тоглож чадах учир эгэл сонгогчдод шударга сайхан, итгэлтэй дүр төрх үзүүлж, эргээд нөгөө шударга бусын талбар дээр шударгуудаа тонгорч, тэднийг тэнэг, мулгуу, зөрүүд, тэрсүүд, ер нь хэн ч биш болгон харуулж чадна. Ард түмнийг үүнээс өөрөөр амьдрах боломжгүй, ийм л байдаг юм, ийм байх ёстой, ингэж байгаад сайхан болно гэж итгүүлнэ, тархи угаана. Бас хэлгүй Кондильери шиг нэгнийг жинхэнэ ардын “шударга сонгуулийн“ ПиАр болгосон жүжигт тоглуулна. Өнөөх нь түүнээ ч мэдэхгүй, сүгсэгнэнэ.
Эцсийн эцэст тэд өөрсөддөө ашигтай дүрэм зохиож, хууль гаргаж, тэгээд зөвхөн ээлжгүй засаглалын төлөө зөвхөн өөр хоорондоо буюу санхүү-улстөрийн бүлэглэлүүд хоорондоо тэмцэлдэнэ. Байтлаа улс орноо хүртэл өрсөлдөн зарахдаа тулна. Тэр тэмцэлд нь харин сонгогч олон түмэн өнөөх Итгэлтийн баяныг гайхан шагширч, хүрээнээс хямд үнээр цуглуулж авчирсан хатсан танзуур, шороотой чихэр, лүү нь цоорч, дотор нь огтоно үхсэн архинаас нь хүртдэг шиг хятадаас голдуу “зээлсэн” мөнгөөр, эсвэл өөрсдийнх нь халааснаас ухсан хөрөнгөөр авсан юмсаа “буян” болгон тараахад нь баян тарганыг нь гайхан, ухаантай цэцнийг нь магтан, бас зүгээр ч хүртэхгүй хоорондоо улаан, цэнхэрээрээ талцан уралцана. Хатуухан бөгөөд гашуухан хэлэхэд бидний байдал нэг иймэрхүү л байх шив дээ.
.
Тэгээд яах вэ гэж үү? Итгэлтүүд цөөхөн биш. Тэднийг нийгмээс шахан гаргах боломжгүй, нэгийг нь гаргасан ч нөгөөх нь байж л байна. Ар араасаа төрсөөр л байна. Гагцхүү тэдний нийгмийн үүргийг зөв тодорхойлж зөв байранд нь байлгах нь л чухал. Тэд бол нийгэмд шударга ёс тогтоогчид, төр засаглагчид огтоос биш. Оюуны баялаг бүтээгч, элитүүд ч биш. Харин тэд бол эдийн баялаг бүтээгчид. Тэгэхээр тэднийг шударга хуулийн хатуу хяналт дор тэр баялгийг нь чөлөөтэй бүтээлгэх ёстой. Тэгэж л тэднийг нийгэмд зөв болоод шударга, үр ашигтай ашиглана. Харин тэдний гарт хууль, засаглалийн эрхийг огтоос өгч болдоггүй. Тэгэх аваас төр тоглоом болж, улс уруудах аюулд хүрнэ. Тийм жамтай аж. Түүний учрыг бид энэ цаг үеэс харж байна.
Чухам Итгэлтүүдээс болж их Платон нийтийн боловсролоос болгоомжилж, Энэтхэгийн каст тэдний эрхийг 6000 жилийн турш хязгаарлаж байв. Хуучин цагийн номтой гүүш нар сэтгэлийг нь шинжиж байж хэнд эрдэм заах заахгүйгээ тогтоодог байж.
.
“Итгэлт Долгорын үхсэнийг сонсоод царай нь барзайн хувирснаа өөрийн биш зэвхий дуугаар ”Нэг нь төрж байхад, нөгөө нь үхэж байдаг, хорвоогийн ёс болохоор яая гэхэв дээ” гээд мордон хүрээнд очиж, дөрвөн Гэлэнгийн гүнрэг хуруулсан бөгөөд гудамжинд багшийндаа орох ээлж хүлээсэн арав гаруй лам нар дайралдахад нь дэргэд нь очиж, өврөөсөө нэг мөнгөн янчаан гаргаж, “Лам нар минь ерөөл айлгая” гээд дунд нь өгчээ. Буцах замдаа “Өгсөн нэг янчааныг минь хуваах гэж дээлдээ хүрдэггүй байгаа даа” гэж бодоод инээх гэснээ гэнэт царайгаа хувирган дуугүй болжээ. /II боть 92 нүүр/ Энэ хэсэг бол Итгэлтийн дотоод ертөнцийн зөрчил янз бүрээр зэрэг зэргээр илэрч буйг харуулсан оргил туйл хэсэг. Тэр үйлийн үрээс болгоомжлон айж, зэвхий дуугаар хорвоогийн ёсыг дуудан гул барина. Бас гэмшил сүүмэлзэн босож, Долгорын хойноос Гэлэнгийн гүнрэг хэмээх буяны ном уншуулна. Таарсан залуу лам нараас талийгаачийн араас ерөөл хүсэж нэг янчаан хайрлана. Ард нь харин тэд ганц янчааныг нь хуваах гэж хэрхэн нанчилдахыг төсөөлөн тохуурхан дооглох гэсэн авч “царайгаа хувирган дуугүй болжээ”. Ингэхдээ харин юу бодсон бол?
Хүн гэдэг амьтан угаасаа алдаа онооны дунд амьдардаг, сайн муугийн торгон ирмэг дээгүүр дэнжигнэж явдаг. Хаашаа хальтрах нь гадаад, дотоод үй олон нөхцөл шалтгаантай, магад хувь заяаных ч биз. Харин хөндлөнгөөс хэрхэн яаж харах, дүгнэх нь бидний хараа, өнцгийнх... Гэхдээ энэ цагийн бид лавхан харж чадваас дотроосоо Итгэлтийг ч, Эрдэнийг ч, Түгжилийг ч, Цахиур Төмөрийг ч олж харах болно. Хэнийг нь босгож ирэх вэ гэдэг харин бидний танин мэдэхүй төдийгүй эр зориг, эрмэлзэл тэмүүллийнх болно.

Б.Номинчимэд.
2020.01.20
Маш их таалагдаад хуулав.
төрөл: Өөртөө хадгалж авсан | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 53 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)