Амин сүлдээ эрэхүй

2020-12-05,07:18
Саяхны нэг өдөр олон жилийн өмнө өнгөрсөн андыгаа зүүдлэв.

- Чи чинь одоо дээшээгээ явж мавахгүй энд юугаа хийж байгаа юм?
(Би ч хааяа бодсоноо шулуухан хэлж хүн амьтан гомдоочих гээд байдаг нөхөр гэхдээ бас хэлчихсэн хойно оо жоохон бодоод байгаа юм)
- Нааш ир
гээд очтол духаа духанд нааж байгаад
- Тэгж яг дээш мээшээ явдаг юм бол байхгүй ээ... Одоо ойлгож байна уу?

Духаар юу дамжиж мэдрэгдсэн мэдрэмжийг яг илэрхийлж мэдэхгүй л байна, нэг тийм мэдрэмж үлдсэн ч юм шиг, үгүй ч юм шиг...

Ер нь бараг зүүдээ санадаггүй төрлийн хүн ч гэлээ өдийг хүртэл хэд хэдэн удаа ийм тод бөгөөд сонин зүүд зүүдэлж байсан юм. Ямар ч байсан өглөө нь боссоноос хойш нээрээ л зэргэлдээ ертөнцөөс эмээ өвөө, дотны маань хүмүүс биднийг хараад, туслаад бодоод, ажиглаад хажууд маань байж байдаг ч байж мэдэх юм...

Бөө, лам нарт итгэдэггүй ч нөгөө ертөнц, сүнс, сүлд, зөн совин зэрэгт би л лав тэгтлээ их биш ч итгэдэг. Мухар сүсгийн талаар өмөөрч нэг бичиж ч байсан юм. Зарим хүмүүс тухайн үед нь уншсан ч байж магадгүй...

Сая харин нэг бараг зузаан роман уншчихсан юм шиг сайхан зүйл олж уншлаа. Миний хувьд маш их сэтгэл догдлуулсан сайхан нийтлэл байлаа:
Энд дарж уншаарай

Зарим хүмүүс Чингис хааныг ганц муу загаснаас болоод ах нарыгаа алсан алуурчин гэх мэтээр ханддаг. Гэхдээ шударга бус бол ах дүү байна уу, хамаатан байна уу хамаагүй хатуу чанга бай, харин шударга, эрэлхэг нэгэнтэй андын тангараг өргөсөн бол амиа ч өгөхөөс буцахгүй бай гэсэн сургааль нууц товчоонд байсныг одоо л ухаарах...

Харин орчин үеийн бидний хувьд Ховдынх, Увсынх, хамаатан, найз гэж нэгнээ дэмжиж бурууг нь нүд аньж, зөвийг нь тэнгэрт тулгах, жалга, дов, хамаатан садны үзэл их... Хулгайч, худалчдыг ч энэрэнэ, харин шударгыг бол ихэнхдээ ад үзнэ...

Эндээс бас компани удирдаад явах үед шударга бус ажилтныг ямар ч байсан өрөвдөлгүй шууд хал, шийтгэ, шударга, зүтгэлтэй хүнээ яадаг ч байсан хамгаалж хөгжүүлж, дотно бай гэх сургамж авч болмоор санагдав.
Нөгөө талаас ажилдаа үнэнч шударга ханд есөн өрлөг шиг л бай гэж бас сургасан байх. Ер нь нууц товчоог нэг сайн сууж уншъя...

Би ч өөрөө шударга бус зүйлд гар хөл болчихсон ганц нэг тохиолдол бий л дээ. Одоо бас нүдээ аниад мөнгө бодоод хийе гээд хэлчихсэн гээд, бас цаанаасаа бас дотроосоо эсэргүүцээд хүсэхгүй болохоор явж өгдөггүй ажил ч бас байгаа. Заримдаа ч нүдээ аниад өнгөрөөдөг ч юм бий. Одоо байгаагаа ямар ч байсан нэг тийш цэгцлээд, цаашдаа бол шударга, үзэл бодолдоо илүү хатуу үнэнч байхдаа анхааръя гэж бодлоо.

Ер нь хэтэрхий шулуухан тэнэгдүү орчноо ойлгоогүй байдлаас бас алдаж онох зүйл их л дээ. Мэдээж 8 настай хүүхэд шударга байлаа гээд 18-тай хулгайчтай шууд зодолдох, илчлэх нь утгагүй. Гэхдээ тэглээ гээд чадахгүй гээд бууж өгвөл бүүр ч дэмий. Гэртээ ганцаараа кинон дээрх шиг сайн бодож чадвал бас боломж ч бий байх...

Ямартай ч түүхэнд бууж өгөөгүй зүтгэж, боломжгүй гэж бүгдийн бодож байсан зүйлийг болгосон хүмүүс байдаг. Ядаж л итгэл, зүтгэлтэй байвал амьдрал арай амттай, сонирхолтой байх биз...
 
төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 27 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)