Гэрлэлт, зөв хүн, буруу хүн, хүссэн хүн, хүсээгүй хүн...

2022-06-12,12:01
Өнгөрсөн Баасан гарагт гарч хамт байх дуртай хүмүүстэйгээ ууж суув. Хөөрөөд нэлээн уултаа хэтрүүлж 🥴 маргааш нь толгой өвдөөд дахин уухгүй дээрээ тавив 🤢😅 Гэхдээ уухаа тохируулаад илүү олон гарч хүмүүстэй суух ярилцах тал дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж бодож байна.

Алкоголь хэтрүүлэхгүйгээр гарч хүмүүстэй уулзаж, суух, илүү амьд харилцаа үүсгэх нь илүү сонин зүйлсийг мэдэх боломж олгодог юм байна...

Огт санаанд орохооргүй зүйлсийг, ууж суугаагүй бол бас хэзээ ч сонсож чадахгүй зүйлсийг сонсов... Бас тодорхой хэмжээнд шулуухан асууж сурах, нээлттэй байх гэдэг чухал юм байна гэж бас нэг хүнээс суралцаж өөртөө бас дахин дахин сануулмаар санагдаад бичиж сууна...

Нэлээн оройтсон ухаарал ч юм шиг хаха

...Бас мэдээж дандаа тийм байж чадахгүй, хааяа л ийм боломжтой ч гэсэн...

Хэд хоногийн өмнө ч бас ингэж нэг бодогдсон л доо... Энд бас тэмдэглэж байсан...

Гэр бүл болох, гэрлэлтийн баталгаа, хурим, хүүхэд, сексийн тохироо, бусад сэтгэл санааны тохироо, хэн нэгнийхээ төлөө янз бүрийн зүйлийг "хэтрүүлж" хийж өгөх, нууц амраг, араар тавилт, гэр бүл салалт...
Яг нарийн эдгээрийг задлаад бичихэд бол хэцүү ч амьдрал, гэрлэлт гэдэг зүйлсийн талаар нэлээн тийм мэдэхгүй, гаднаасаа тэс өөр харагддаг зүйлсийг ойрд нэлээн сонсоод байгаа...

Сүүлийн үед огт хүүхэд гаргахыг хүсэхгүй хүмүүсийн тоо дэлхий даяар нэмэгдэж байгаа судалгаанууд гараад байгаа. АНУ-д 18-49 насны хүүхэдгүй хүмүүсээс судалгаа авахад 44% нь ирээдүйд хүүхэдтэй болохгүй байх юмуу огт болохгүй гэж хариулсан гэх...

эх сурвалж: https://www.pewresearch.org/fact-tank/2021/11/19/growing-share-of-childless-adults-in-u-s-dont-expect-to-ever-have-children/

Мөн ганц биеэрээ амьдрах нь 1990 онтой харьцуулахад 2019 онд ихэссэн. Судалгаагаар 25-54 насныхны 38% нь гэрлээгүй, аав ээжтэйгээ амьдардаггүй буюу ганцаараа амьдардаг гэжээ.


эх сурвалж: https://www.pewresearch.org/social-trends/2021/10/05/rising-share-of-u-s-adults-are-living-without-a-spouse-or-partner/

Үнэхээр гэрлэх, хүүхэдтэй болох шаардлагатай юу?
...Ингэж явж байгаад ганцаараа чад хийвэл яах вэ? Ингээд бодохоор бас миний хувьд бол жоохон айдас төрдөг. Хүн хүнээсээ л болох байх. Одоогоор ганц бие, ер нь бас эхнэр хайж байгаа идэр насны нэгэн л дээ. Гэлээ гээд бас яг таалагдах, хамт өнгөрсөн амьдралдаа сэтгэл хангалуун байж чадах хүнтэйгээ учирч чадахгүй бол энэ хэвээрээ дураараа ганцаараа явж байх нь ч дээр юм шиг... Нэг бодлын цаг хугацааг зогсоочихож болдог бол зогсоочихоод нөгөө өрөөсөн өө хаймаар байх юм хэхэ.

За тэгээд ер нь л сүүлийн үед гэрлэлт энэ тэр нэлээн боддог болсон, тэгээд бодохоороо сөрөг бодлууд багагүй гарч ирэх болж дээ 😅

Надтай төстэй гарууд бас хэр их байдаг юм бол доо...

Жишээ нь насны хувьд ойролцоо насны бүсгүйтэй гэрлэхээр боллоо гэхэд олон хүүхэдтэй болох хүсэл маань биелэгдэх магадлал нь биологийн боломжийн хувьд хэцүү. Эсвэл залуу бүсгүй байлаа ч гэсэн бас хүүхэдтэй эмэгтэй бол тийм ч амар олон хүүхэд гаргаад өгчих магадлал бага... Ер нь тэгээд нэлээд алдаж оносон туршлагаасаа харахад хүүхэдтэй эмэгтэй, ганц бие эмэгтэй 2 сэтгэлгээ нь тэс өөр болохоор цаашдаа өөртөө бас сайн анхааруулаад л байгаа... Ингээд өөрийнхөө бодлоо эрэгцүүлээд харахаар миний хувьд гэрлэх нь эхнэртэй болох гэхээс илүү хүүхэдтэй болох нь л чухал харагдаж байна. Хүүхэдтэй л болохгүй бол заавал гэрлээд хамт байхгүй ч таалагдсан эмэгтэйтэйгээ хааяа уулзаад энэ тэр байх боломжтой бол ганцаараа явж байх нь илүү амар санагддаг болчихсон. Нөгөө зожигрох гэдэг нь байж магадгүй хаха
Магадгүй бүүр өнөөг хүртэл бүтээгүй болохоор бүтэхгүй байж магадгүй ч хэн нэгэнд үнэхээр хайртай болоод, нөгөө хүн маань бас харилцан хайртай болоод, бусад бүх зүйл хамаагүй санагдах хэмжээний хайртай учирвал л өөр байж мэдэх юм...

Хамгийн сүүлд хүүхэдтэй эмэгтэйд дурлаж үерхсэн ч бүтээгүй, тэндээс өөрөө ургуулан бодсон сургамж ч бас бий... Ер нь ч хүүхэдтэй бүсгүйчүүдэд олон л дурлаж гүйж, тэр бүр л анзаарагдаж дахиж архи уухгүй гэдэг шиг л өөртөө хэлж л байсан л даа 😅 Нэлээн оройтсон ухаарал ч юм шиг хаха Гэхдээ тэгээд бас яг дурлачихаар тэгж өөрийгөө бариад байж бас чаддаггүй л дээ... Өмнөх дээр ч бас чадаагүй...

...Нөгөө талаас бас яг дурлалгүйгээр зөвхөн толгойгоороо сонголт хийгээд гэрлэх энэ тэр гээд бодохоор бас яагаад ч хөл урагш алхахгүй... Тэгсэн мөртлөө сүүлийн үед улам л таалж дурлах нь ховордоод байх шиг... Урд нь бол өглөө гараад л дурлаж яваж байгаад орж ирдэг шахам үе ч залуудаа байсан хаха

...За тэгээд бас нэг бүсгүйтэй бие биедээ таалагдаад, дотносоод ч юмуу унтаад үзтэл секс таарахгүй бол бас...
Нэг бодлын эртхэн унтчих нь аль аль талдаа, хэн хэндээ уг нь дээр ч юм шиг... Болдогсон бол хаха

Эрчүүд ч яахав тэгээд тэр бүр секс таарахгүй байх нь бас ховор л доо. Эмэгтэй хүний хувьд харин сексийн тохироо их чухал зүйл байтал хүүхнүүд ихэнх нь нуудаг, жүжгэлдэг гэх... Тэгээд гэрлээд, хүүхэдтэй болоод, амьдраад явж байтал асуудлууд ар араасаа гардаг байх...

...Бас тэгээд яг хамт амьдраад үзэхээр бас ямар байх бол. Тэгээд эмэгтэй хүнтэй эрхтэн хамт амьдраад нэгнээ танимаар байтал тэр нь бас тийм ч амаргүй. Ялангуяа хүүхэдтэй эмэгтэй бол. Тэгэхээр цаашдаа дурласан ч зарим үед өөрийгөө сайн хориод ахихгүй тормозтой байхдаа анхаарна уу хүү мээнь!

За өөр бас бусад хүмүүсийг харж байхад байгаад байгаа нэг асуудал гэр бүлийнхнийхээ сүйгээр, шахалтаар, танилцуулгаар гэрлэх ч юмуу, гэрлэлт амьдрал нь таагүй, үнэхээр хэцүү байхад ч гэр бүлийнхнийхээ шахалтаар бараг хамт амьдраад байгаад байгаа гэх мэт...
Эсвэл зүгээр санамсаргүй унтаад хүүхэдтэй болсон... Эсвэл сайн таниж үерхэж амжаагүй гэрлэсэн, дээр нь хүүхэдтэй болсон... За тэгээд гэр бүл салалт, нууц амраг...

Амьдрал тэгээд баялаг гэдгээр сайнтай, саартай олон л юм байдаг юм шиг байгаа юм. Ер нь тэгээд олон шалтаг шалтгаан элдэв л юм байгаад байдаг юм байна. Бас тэр бүр гаднаасаа харагддаггүй ч юм байна...

Цаашдаа нэг их олон салж нийлээд, туршаад ч юмуу яваад байх хүсэл надад бас байхгүй болохоор иймэрхүү хүмүүсийн амьдрал, алдаа, харамсал зэргийг бас сонсоод явж байхад амьдралд бас үнэхээр цаашдаа их хэрэг болохоор юмнууд байгаа байгаа...

Бас хэсэг хугацаанд батлуулахгүй хамт амьдрах гэдэг их хэрэгтэй мэт. За магадгүй дундаа орон сууц гэх мэт том юм худалдан авах энэ тэр бол яг оруулсан хэмжээгээр саллаа гэхэд хувааж авахаар гэрээ байгуулаад, тэрийгээ нарийн санхүү хөтөлж явах ч байдаг юмуу бас гадныхан шиг байж ч бас болохоор ч юм шиг...

Харин хүүхэдтэй болчихвол бас асуудал өөр байх. Эрэгтэй хүний хувьд хүүхдийг нь төрүүлээд өгвөл ямар ч хэмжээний эд хөрөнгө байлаа гээд бүхэл бүтэн хүнийг үнэлэх ч боломжгүй, ямар ч мөнгө, эд хөрөнгө тийм амархан хүний үнэнд, тэр тусмаа өөрийнх нь хүүхэд тул яагаад ч хүрэхгүй. Тиймээс хүүхдийнхээ төлөө бол эрчүүд чадах бүхнээ зориулах ёстой л гэж боддог...
Гэхдээ хүүхэдтэй болчихоод бас яагаад ч хамт байж чадахгүй хэмжээний харилцаа бол бас тэгээд л нэлээн ярвигтай зүйл болж, тухайн үедээ л бодож шийдвэрлэх зүйл болох байх л даа...

Бас нэг миний өөрийгөө хогийн залуу гэж бодож байгаа толгой доторх нэг бодол бол ойролцоо насны бүсгүйтэй ямар нэгэн байдлаар хүүхэдтэй боллоо гэхэд дахиад хүүхэдтэй болохыг хүснэ, гэтэл биологийн хувьд тэр нь боломжгүй байвал магадгүй дахин өөр бүсгүйтэй болохыг хүсэж магадгүй гэж боддог. Нэг талаар Арабуудын олон эхнэртэй байхыг нь зөвшөөрдөг нь аль аль талдаа хэрэгтэй зүйл ч юм шиг бас санагддаг... Миний хувьд ийм дээрээ тулбал анхнаасаа энэ бүх бодлоо нуулгүй хэлж, илэрхийлж, тайлбарлаад сонголтыг эмэгтэйгээрээ хийлгэнэ гэж боддог ч бас амьдралд тийм дураараа амархан юм байдаггүй л байх л даа... 😅

За тэгээд ингээд бодоод байхаар элдэв долоон асуудал арай багатай хувилбар нь ганц бие, хүүхэдгүй бүсгүйд дурлаж гүйгээд авч суугаад аль болох ухаантайхан шиг байгаад, хайрлаад амьдарчих нь л хамгийн аятай хувилбар байх. Аль болох тэрний төлөө л зүтгэе гэж бодогдов... Чадвал хамтдаа алдарт эхийн 1-р одонтой болчихмоор байгаа юм 😅😁

...За тэгээд ядам хуруун дахь металл цагираг зүүж бас зүүлгэх үү, зүүлээ гэхэд тэр цагирагаа гав болгох уу, гай болгох уу, гайхамшиг болгох уу гэдэг анхны сонголтын эхний цэгээс эхлээд л бодит бие мах бодын үзүүлэлт, хичээл зүтгэл, бодол ухаан гээд их л олон юмнаас хамаардаг зүйл бололтой юм даа... Даанч тэр бүр яригддаггүй, ил тод байхад ч хэцүү зүйл болохоор...
 
За дэмийрлээ дарж ажлаа хийе дээ 😅 Уг нь өнөөдөр дуусгах чухал ажилтай...

Нэмэлт:

Энэ бас сонирхолтой л юм...




 
төрөл: Ирээдүйн өөртөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 57 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)