Эмч, эмнэлэгийн ажилчид шаардлага тавьж байгаа нь зөв!
Заримдаа баталгаа муутай харилцагчаас чанаргүй эм тариа авч хэрэглээд өвчтөн нас барахад эмч л буруутан болдог. Цаг наргүй үнэхээр аймшигтай ажилладаг. Харин мань мэтийн зориг зүрхгүй, тийм өөрийгөө золиослох сэтгэлгүй нэг нь өөр зүйл хийгээд л хувиа борлуулж довоо шарлуулж яваа даа. Зүгээр л нэг жижиг сажиг халтуур хийгээд л явахад ямар ч эмчээс илүү цалин аваад, бүр ямар ч эрсдэлгүй амьдарч болж байхад жижиг алдаа гаргаад л шоронд суучих, бас өдөр шөнөгүй ажиллах тийм "утгагүй" ажил яагаад хийх ёстой юм бэ? Яагаад тангараг өргөсөн нэрээр бусад өөрийг нь хүн ч гэж тоохгүй, робот шиг харьцаж байгаа хүмүүст чин сэтгэлээсээ хандах ёстой юм? Яагаад тэр хүмүүс адилхан эмч хүнийг хүн гэж бодож болдоггүй юм бэ?
Ер нь тэгснээс эрээнээс бараа зөөсөн нь бараг л илүү орлоготой шүү дээ. Ямар ч эрсдэлгүй. Даанч олон хүн үүнийг ойлгодоггүй. Ямартай ч үнэхээр энэ мэдээ их таалагдсан болохоор энд хууллаа.
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/61632
Гахайн томуугийн А хүрээний H1N1 вирүсийн тархалт хурдацтай явагдаж байгаа энэ үетэй зэрэгцэн эмнэлэгийн байгууллагын эмч, ажилчид Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлэн болохгүй бол “ажил хаяна” хэмээн мэдэгдсэн нь тун ч цагаа олоогүй алхам байлаа.
Гэвч нөгөө талаас нь харвал харин ч хамгийн их цаг үеэ олсон алхам бол энэ байв.
Учир нь 2010 оны төсвийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, арванхоёрдугаар сарын 1-ний дотор батлана. Засгийн газраас бариад байгаа төслөөр бол эрүүл мэндийн салбарын төсвийг энэ жилийнхээс ч багаар батлуулахаар “улайрч” байна.
Байгаа байдал нь тартагтаа тулаад байгаа эрүүл мэндийн байгууллагынхан одоо л амжиж дуу хоолойгоо “нүдэн балай чихэн дүлий” удирдлагуудад хүргэхгүй юм бол, дараа нь яаж бахираад ч нэмэргүй болох болно. Үүний үр дүнд эмч, эмнэлэгийн байгууллагынхнаас илүүтэй жирийн иргэн Та бид хохирно.
Насаараа эмнэлэгийн байгууллагат ажилчихаад 240 мянган төгрөгний цалин авч байгаа эмч, өдөрт 8 цаг хагалгааны өрөөнд тасралтгүй зогсож, цус нөжтэй холилдчихоод та бидэнтэй сайхан харьцана гэж байхгүй.
Насаараа эмнэлэгт ирсэн өвчтэй хүмүүсийн өтгөн, шингэнтэй холилдож, нас барсан хүнийг улаан гараараа зөөвөрлөж явчихаад 210 мянган төгрөгний цалин авч байгаа сувилагч, 140 мянган төгрөгний цалин авч байгаа асрагч Та бидэнтэй сайхан харьцахгүй.
Нэг эхийг 4800 төгрөгт багтаан амаржуулах ёстой эмч, сувилагчдын багийнхан өдрийн хоолондоо ч хүрэхгүй цалингаасаа хумсалж, эм тариа өгөхгүй нь лавтай.
Өнөөдрийн байдлаар төрөхүүд эхчүүдэд зориулсан эм тариагаа авч дийлэхгүй, тэр бүү хэл бээлийгээ ч авч чадахгүйд хүрсэн. Аймаг, сум, нийслэл, улсын эмнэлэгүүд бүгд өр зээлэндээ баригдчихаад цаашид ажлаа хэвийн үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болчихоод байна.
Гэтэл нэн тэргүүнд авч хэлэлцэх ёстой эрүүл мэндийн байгууллагын хувь заяа ийн зогсонги байдалд орчихоод байхад эрхэм түшээдийн санаа яагаад зовохгүй байна вэ. Аргагүй. Тэд өвдвөл гадаадад очоод эмчлүүлчихнэ, айлтгүй. Эмнэлэгийн байшин нь нураад уначихгүй л бол энгийн ард иргэд эмчлүүлж байгаа дотоодын эмнэлэгүүд тарчиг төсвөө хүргэхээр хэрхэн чармайж буй нь тэдэнд падлий байхгүй. Тиймээс “энэ хэцүү цаг үед” хэмээн чухал царайлж, эмч нарыг золигт гаргахаар “тэмцэж” байна. Гахайн томуу хурдацтай тархаж буй энэ хэцүү цаг үед энгийн иргэдийн эрүүл мэндийг эмч нар биш, харин эрхэм түшээд золигт гаргаж байгааг Та бид ухаарах болсон.
Учир нь эмч нар шаардлага тавин, “бүр болохгүй бол ажил хаяна” хэмээж байгаа ч тэд өнөөдөр өдөр, шөнөгүй уртасгасан цагаар ажилласаар л байна. Цаашид ч ажиллах болно. Өдрийн хоолоо гуанзнаас авч идсэнээс хүүхэддээ талх бариад очсон нь дээр санагдах эмнэлэгийн ажилчид ядарч туйлдсанаасаа болоод өөрсдөө гахайн томуу тусч байна. Уг нь тэд эрүүл, тэд сэтгэл хангалуун ажиллаж гэмээ нь Та бидэнд л тустай.
Бид их сонин улс. “Уу, уу” гэж өгчихөөд ар хударгаар нь “архичин” хэмээн цоллоно. “Амийг минь аварсан ачтан Танд хачин их баярласан шүү” гэж малилзтал инээж тав, арван цаас өгчихөөд “эмч нар авилгач шүү дээ” хэмээн шүд зуун зүхнэ. Тэр бүү хэл хоорондоо үгсэн тохирч авилгын тариф гаргана. “Эмчид нь 200 мянга, сувилагчид нь 50 мянгыг өгдөг юм гэнэ лээ шүү” гэж ирээд л. Энэ бүхэн та биднээс гаралтай. Магадгүй “тэд чинь мөнгө өгөхгүй бол сайхан харьцдаггүй” гэж хэлэх байх. Тийм ч байх. Дээр хэлсэнчлэн 200 мянган төгрөгний цалин авчихаад гэрийнхэн нь ч халдаж зүрхлэхгүй байгаа өвчтэй хүнийг асарч, эмчилж байгаа хүн яаж ч сайхан харьцах билээ.
Миний, таны, бидний хайртай хүмүүсийн эрүүл мэнд ийм хямдхан байж болохгүй. Тиймээс эмч, эмнэлэгийн ажилчид шаардлага тавьж байгаа нь зөв!
Эцэст нь хэлэхэд өнөөдрийг хүртэл тангарагаа урдаа барин ажилласан эмч, эмнэлэгийн байгууллагынхан цаашид яагаад ч ажиллах боломжгүй болжээ, эрхэм УИХ-ын гишүүд ээ! Тэднийг одоо тангарагаар далайлгаад ч нэмэргүй болж. Учир нь тэд тангараг сийлсэн чулуун хөшөө биш, харин тангараг өргөсөн яс, махнаас бүтсэн Та бидэнтэй адил хүн юм байна.
Тиймээс 2010 оны төсөвт эрүүл мэндийн салбарын төсвийг хоёр дахин нэм. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилчдын цалинг 100 хувиас доошгүйгээр нэмэгдүүл!
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Жаахан гарын дүйтэй бол ямар ч хүн слесарь хийнэ, харин 10-аад жил сурч байж сая л нэг ажил хийж эхэлдэг, бас алдаа огт гаргаж болохгүй, өвчтөндөө сэтгэл зовж, байнга стресстэй байдаг, хийж байгаа ажил нь маш өндөр шаардлага тавьдаг болохоор үргэлж хариуцлагатай байхын тулд "дарамттай" л байдаг, жижүүрт гараад шөнө ч гэртээ бүрэн хонож, бүтэн нойртой явж чаддаггүй эмч хүний хувьд арай ч тийм жишээ тохирохгүймтш уг нь. Би ч яг ч одоохондоо эмч биш л дээ. Эмч нарт ингэж хандахад дургүй ээ. Тэр ч бүү хэл бүүр дунд сургуулиасаа л хичээл номонд илүү шамдаж байж л Анагаахын сургуульд элсэж сурдагшд... Бусад газар эмч нар ажил хаяад л цалингаа нэмүүлж байсан л юм билээ. Манай эмч нар хэтэрхий арчаагүй байна аа. Нэгдэж байгаад нийтээрээ нэг хоёр өдөр ажил хаяж байгаад цалингаа нэмүүлчихвэл авилгалч, муухай ааштай гээд цоллуулаад байдаг нь ч багаснашд... Тангарагийг ямар идэх биш, ядаад ханандаа хадах биш дээ. Ямар тэр хүмүүсийг эмч хүн өвчлүүлчихсэн биш, ажил хаяж байгаад тохирох цалингаа авдаг болохын төлөө тэмцмээр л байгаа юм даа...
Тийм л сул биетэй бол витамин авч уугаад, ядаж гаднаас ороод хоолой амаа зайлаад, хүйтэнд дулаалаад явчихаад тиймэрхүү юм яримаар санагддаг юм...